Хоршоог хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-18 18:59:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хоршоог хөгжүүлэх олон талт үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаар Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, тус аймгийн Хоршоологчдын холбооны дарга Д.Чандмань нар санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хоршоог хөгжүүлэх жил”-д “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр–III”, аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр тусгагдсан үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилготойгоор ийнхүү хамтран ажиллах ажээ.

Тус санамж бичигт өнгөрсөн онд батлагдан хэрэгжиж эхэлсэн “Хоршооны тухай хууль”, “Хоршоо хөгжүүлэх сан”, бусад тогтоомжийг сурталчлах, хоршоодыг чадавхжуулах, иргэдэд хоршооны тухай мэдлэг олгон, хоршоо үүсгэн байгуулахад зөвлөгөө өгөх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зарим үйл ажиллагааг ХААХХ, хоршоодоор гүйцэтгүүлэхээр тусгасан байна.

Мөн санамж бичгийн дагуу аймгийн хэмжээнд загвар хоршоо байгуулж хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дундын цэг байгуулах зэрэг Хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ