МОНЦАМЭ агентлаг “Номын баяр”-ын албан ёсны түншээр ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
sarantsetseg@montsame.mn
2022-05-19 12:21:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Үндэсний Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр МОНЦАМЭ агентлаг ажиллаж байгаа юм.


Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд тэмдэглэдэг “Номын баяр”-ын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлаг Номын баярыг зохион байгуулагч "Номын соёлт ертөнц" ТББ-тай харилцан зөвшилцөж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга бөгөөд Ерөнхий редактор С.Насанжаргал, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд нар гарын үсэг зурсан юм.

МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга бөгөөд Ерөнхий редактор С.Насанжаргал хэлэхдээ, “Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншийн хувьд  МОНЦАМЭ агентлаг  5 хэлээрх www.montsame.mn вэб сайт, дүрст болон гэрэл зургийн мэдээ, 7 хоног тутмын англи хэлээрх “Mongol messenger”, хятад хэлээрх “Мэнгү Шяошибао”, орос хэлээрх “Новости Монголии”, япон хэлээрх “Монгорү цүүшин” сонин 21 аймаг дахь МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид орон нутагт болох номын баярын мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

МОНЦАМЭ агентлаг өөрийн мэдээллийн сүлжээгээр ийнхүү Олон улсад болоод Үндэсний хэмжээнд  Номын баярын үйл ажиллагааг сурвалжлан хүргэхийг зорьж байна." гэлээ.  


Харин "Номын соёлт ертөнц" ТББ-аас МОНЦАМЭ агентлагийг үнэн зөв, баримт бүхий мэдээ, мэдээллээр хангах үүргийг хүлээж буй юм. 

                                                                                                                                                                                                   Б.Заяа

 

Холбоотой мэдээ