Газар эзэмших, ашиглахтай холбоотой 13 төрлийн үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-19 19:49:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газраас “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэх төлөвлөгөөний дагуу Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр 12 багийн нийт 120 иргэн, хуулийн этгээдэд газрын харилцаатай холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тараасан байна.

Түүнчлэн egazar.gov.mn цахим системийн ач холбогдол, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар санал өгөх, газрын төлбөр, татварын ногдуулалт, төлөлт, нөхөн бүрдүүлэлтийн баримт бичиг хүлээн авч, шинэчилсэн бүртгэлд хамруулах, кадастрын зурган мэдээллээр үйлчлэх зэрэг нийт  13 төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлжээ.

Ийнхүү орон нутгийн иргэдэд газар эзэмших, ашиглахтай холбоотой төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж, цахимаар хэрхэн үйлчилгээ авч болох талаар мэдлэг мэдээлэлтэй болсондоо иргэд талархалтай байлаа.

Ташрамд, 2022 оны байдлаар Ховд аймгийн Жаргалант сумын бичигт багийн нутаг дэвсгэр, үйлдвэрийн бүс болон Рашаант багийн нутаг-Богоч рашааны зам дагуу таван иргэн, аж ахуйн нэгжид 2.6 га талбай бүхий газрыг олгоод байна.

Мөн цаашид 2022 оны төлөвлөгөөнд тусгаснаар гэр бүлийн хэрэгцээнд болон үйлдвэр үйлчилгээ, мод үржүүлэг, нөхөн сэргээлт, өвлийн хүлэмжийн зориулалтаар Бичигт, Цамбагарав, Рашаант багийн нутаг дэвсгэрт нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тодорхой байршилд 74.69 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.  

Холбоотой мэдээ