Дундговь аймгийн саальчин эмэгтэйчүүд чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-20 13:53:25
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЭХ-ны Дундговь аймаг дахь салбараас энэ сарын 24-нд “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, орон нутгийн зах зээлийг хангахад саальчин эмэгтэйчүүд хэрхэн оролцох тухай мэдлэг олгож, хамтын ажиллагааг тодорхойлох зорилго бүхий тус чуулганд 15 сумын 400 эмэгтэй оролцоно.

Аймгийн хэмжээнд малчид, төлчдийг хамруулсан зөвлөгөөн, чуулган хийдэг хэдий ч саальчдын дуу хоолойг сонсох, санал бодлоо солилцох ажлыг өмнө нь зохион байгуулж байгаагүй тул энэхүү чуулганыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Тус чуулганы ая холбогдлын талаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ж.Өлзийжаргалаас тодруулахад “Өнөөдөр малын гаралтай сүү, цагаан идээг уламжлалт аргаар боловсруулах, өртөг нэмэх, чанарын шаардлага хангасан саванд савлах, сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг орон нутгийн сүү цагаан идээгээр хангах, үнэ ханшийг өөрийн өртөгт тулгуурлан тогтоох гэх мэтчилэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ Дундговь аймагт байна.

Энэхүү хэрэгцээнд үндэслэн энэ чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганаас орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлсэн шийдвэр гарна гэсэн хүлээлт байгаа. Чуулганы үйл ажиллагааг дэмжиж, хандив өгсөн "Эрдэнэс силвер ресурс" компани болон хамтран оролцох аймгийн ЗДТГ, МХГ, ХХААГ, ТХДЖТ, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр болон 15 сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олондоо талархаж байна” гэлээ.

Чуулганы үеэр сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, "Могол ноос" ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, нержин (зэвэрдэггүй ган лист) савны үзэсгэлэн худалдаа, танилцуулга, хүндэтгэлийн тоглолт, үзвэр, оройн цэнгүүн болох ажээ. 

Холбоотой мэдээ