Хилийн тэг цэгээс ачаа татахад хувийн хэвшлийн тээврийг оролцуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-20 16:20:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятад улсын хилийн тэг цэгээс ачаа барааг ложистикийн төвд татан авах ажиллагаанд иргэдийн автомашиныг оролцуулж эхэлснийг Замын-Үүд сумын  Засаг даргын орлогч Д.Отгонбаяр мэдээллээ. Нэг ёсондоо чингэлэгт тээвэр иргэд, хувийн хэвшлийн тээврийн хэрэгсэл оролцож эхэллээ.  




Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд сэтгүүлчдийн баг Япон улсын тусламжаар барьж байгуулсан Замын-Үүд дэх төмөр замын ачаа шилжүүлэн ачих байгууламжтай танилцсан юм. Энэ үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, Засаг даргын орлогч Д.Отгонбаяр нартай уулзвал, Замын-Үүд боомтод төмөр замын тээвэр хэвийн явагдаж, авто ачаа тээвэр хязгаарлалтын байдалтай байгааг мэдээллээ. Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, “Ковидын цар тахлын улмаас Монгол Улсын олон улсын хамгийн том Замын-Үүд боомтод БНХАУ-ын талаас ачаа болон зорчигч тээврийг зогсоон хязгаарласан хэвээр байна.




Одоо хоёр улсын талд авто ачаа тээвэрт зөвхөн чингэлэгт тээврийг явуулж, үүнийг төр, засгаас хариуцаж байна. Бид хоёр өдрийн өмнөөс хувийн хэвшлийн тээврийг эхлүүлж байна. Бэлтгэл ажлыг хангасан” гэв.




Дээрх үйл ажиллагааг төрийн оролцоотой хамтран гүйцэтгэж буйг хэллээ. Учир нь БНХАУ-ын талд ковидын хатуу хөл хорио үргэлжилсэн хэвээр байгаа нөхцөл байдалд Монгол Улсын талаас халдвар хамгааллын дэглэмийг барьж ажиллах шаардлага байгааг тодотголоо. Чингэлэгт тээвэрт төрийн зүгээс оролцох шаардлага зайлшгүй байгааг тэрбээр төрийн оролцоотойгоор хийж зохицуулах нөхцөл өнөөдрийг хүртэл буйг тодотгож байна.


Замын-Үүдэд БНХАУ руу тээвэр хийдэг албан ёсны бүртгэлтэй 5700 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр тээврийн хэрэгсэл чингэлэгт тээвэрт оролцох үйл ажиллагаа нээлттэй болж буйг дуулгалаа. 







Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ