Муутуу цаасан ном үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой ном байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-20 17:50:49

Завхан/МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлж буй 31 дэх удаагийн Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 20-нд Улиастайд эхэллээ.

Улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж буй энэ үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагаа болж байна. Үндэсний номын баярыг энэ жил “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, үндэсний бичиг, өв соёл эх хэлээ сурталчлан таниулдаг соёлын цогц үйл ажиллагаа юм.

/1920-иод оны үеийн муутуу цаасан дээр монгол бичгээр бичиж үлдээсэн, номын сангийн алтан фондод хадгалагдаж буй “Бөхийн оноолт”, “Жаран настай Пэлжээгийн тусалсан үлгэрийн тухай” нэртэй бичмэл эх, номууд/

Тиймээс ч өнөөдөр аймгийн төв талбайд олон үйл ажиллагааг бичиг соёлоо дээдэлдэг бүх насныханд зориулан явууллаа. Тухайлбал, аймгийн төв номын сангийн “Түүх өгүүлсэн түүх” нэртэй 120 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, Завхан аймгийн зохиолч, эрдэмтдийн бүтээсэн номууд, ховор номын үзэсгэлэн гээд 500 гаруй номын үзэсгэлэн гарлаа. Түүнчлэн үлгэрийн баатрууд амилсан нь нэртэй сэдэвчилсэн, дүрийн тоглолтууд, цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн тоглолт боллоо.




Үндэсний монгол бичгийн бийрэн бичгийн бүтээлүүдийн үзэсгэлэн, хуучин номын солилцоо, худалдааг зохион байгууллаа. Харин аймгийн Боролдой номын дэлгүүрээс 360 гаруй шинэ болон сэдэвчилсэн номын 10 хувийн хямдралтай худалдааг зохион байгуулсан нь номын хорхойтнуудад барьсан том бэлэг байв. Түүнчлэн ховор номын үзэсгэлэн олон хүний сонирхлыг татаж байв. Тодруулбал үзэсгэлэнд 1920-иод оны үеийн муутуу цаасан дээр монгол бичгээр бичиж үлдээсэн, манай номын сангийн алтан фондод хадгалагдаж буй “Бөхийн оноолт”, “Жаран настай Пэлжээгийн тусалсан үлгэрийн тухай” нэртэй бичмэл эх, номууд иргэдийн сонирхлыг татаж байлаа. Өнөөдрийн баяраар номд дуртай, бичиг соёлоо дээдэлдэг 360 гаруй хүнд үйлчиллээ гэж аймгийн Төв номын сангаас мэдээлэв.  






 

"Нацагдорж" тэмдгээр 12 иргэн шагнуулав

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярыг угтаж аймгийн төв номын сангаас олон ажлыг явууллаа.

Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр аймгийн томоохон зах худалдааны төвийн гадна талбайд номын үзэсгэлэн гаргасан. Мөн энэ сарын 16-ны өдөр Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн дэргэдэх “Уншихуй” клубийн гишүүдийн дунд уншсан номоороо тэмдэглэл хөтлөх уралдааныг хоёр үе шаттай явуулж дүгнэлээ. Уралдааны тэргүүн байрт Жавхлант цогцолбор сургуулийн 10в ангийн суралцагч Г.Оюун-Эрдэнэ шалгарсан.

Номын баярыг угтаж аймгийн төрийн байгууллагуудад очиж шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргалаа. "Илүү их уншъя" уриатай номын баяраа угтаж "Ном хож" уралдаант тэмцээнийг соёл, боловсролын байгууллагын ажиллагсдын дунд амжилттай явууллаа. Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын суралцагчдын дунд ном уншлагын өдрүүдийг долоо хоногийн турш явууллаа. Уран жиргээ болон богино өгүүллэгийн уралдааныг ерөнхий боловсролын суралцагчид, цэцэрлэгийн насныхны дунд амжилттай явууллаа.

Босоо бичигтэн уралдааныг ерөнхий боловсролын суралцагчид болон насанд хүрэгчдийн дунд зохион явуулж дүгнэлээ. 2025 онд Монгол Улс бүх нийтээрээ хос бичигтэн болох үндэсний хөтөлбөртэй холбогдуулан номын санд хадгалагдаж буй монгол бичгээр хэвлэгдсэн номыг цуврал хэлбэрээр цахимаар хүргэж байна гээд "Номын баяр-2022"-г угтаж олон ажлыг амжилттай явууллаа. Өнөөдрийн номын баярын нээлтийн үеэр дээрх уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон суралцагч, иргэдийн шагналыг гардуулан өгсөн. Мөн номын сангийн тэргүүний уншигч, номын сайн нөхөр болсон 12 хүнийг "Нацагдорж" тэмдгээр шагналаа гэж Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн захирал Ж.Доржханд ярилаа. 











Холбоотой мэдээ