Дулааны станц барьснаар 100 гаруй байнгын ажлын байр бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-21 18:51:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн барилга угсралтын ажлын шав тавих ёслол тавдугаар сарын 21-нд боллоо. 

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх албаны бусад хүмүүсийн хамт оролцлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын үйл ажиллагааг нээж:

-“Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байна” гэдгийг онцлон танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл ажиллаж байгаа бол барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллахаар болжээ. Энэхүү төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. 

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90 хувь) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна хэмээн нээлтийн үеэр холбогдох албанаас мэдээллээ. 

“Дулааны станцтай болсноор айл өрх, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах, агаарын бохирдол буурах цаашлаад Алтай хотын гэр хорооллын 2500 гаруй өрхөд инженерийн шугам сүлжээ тавих, олон үйлдвэр, орон сууц барих нөхцөл боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэхүү төслийн хүрээнд дулааны инженер, шугам сүлжээний инженер, механик инженер, автоматжуулалтын инженер, цахилгааны шугам, сүлжээний инженер, барилгын инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, цахилгааны техникч (мониторинг), шугам сүлжээний засварчин (сантехникч), гагнуурчин гээд 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болох юм.


Холбоотой мэдээ