СГЗ, сэтгүүлч, зохиолч Г.Жамцын "Бүтээлийн дээжис" найман боть номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-22 16:45:29

Архангай /МОНЦАМЭ/. "Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд" үргэлжилсэн энэ амралтын өдрүүдэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч Гочоогийн Жамцын "Бүтээлийн дээжис" найман боть номын нээлтийн ёслол боллоо. Мөн Г.Жамцын амьдрал, уран бүтээлийн "Гэрэл зураг түүх өгүүлнэ" фото зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байв.


СГЗ Г.Жамц: Уншигч олон, ах дүүс, үзэг нэгт зохиолч нөхдүүд маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. Би өнгөрсөн хугацаанд хориод ном гаргасан байна. Тэднээсээ дээжилж энэхүү найман боть номыг гаргалаа. Сүүлийн хоёр жилд энэ номуудыг дээжилж эмхэтгэлээ. Хоёр боть нь шинэ юм. Залуу үедээ бичиж, нийтэлж байсан өгүүллэгүүд байгаа юм. Дээр үед асуудал дэвшүүлсэн өгүүллэгээр үнэндээ нийгмийг доргиож байлаа. 70, 80-аад онд байгаль хамгаалах сэдэв миний гол хөндөх сэдэв болж байлаа. Тухайн үед олон түмэн бидний нийтлэлийг дэмжиж сэтгэлээ бичиж байсан.

Ойн модны үйлдвэр гэдэг яамыг татан буулгаж, байгаль орчны яамыг байгуулж байсан. Манай зарим сэтгүүлч төрийн яамыг татан буулгадаг сэтгүүлч гэж бичиж байлаа. Тэр үед байгаль хамгаалахаас гадна нийгэм, эдийн засгийн талаар хөндөж бичсэн олон бүтээл байсан. Түүнээсээ шилж сонгож 6-р ботио гаргасан. 5-р боть "Оргил бэлээсээ гэдэг"-т ардын хувьсгалын партизанаас эхлээд цэргийн ажилчин, малчин хүний тухай хөргүүд орсон байгаа. Тавилан романыг шинэчилж бичсэн. Дутуу юмнууд бас байсан байна. Явж чадахгүй, ийм өвчтэй болсон хойноо том хүүгээрээ газарчлуулаад Босго тэнгэрийн даваа хүртэл явж, Өндөр гэгээний явсан газар, Лувсанпэрэнлэй гэгээний явж байсан тэр хөрс шороон дээр гишгиж байж, 2-3 бүлэг нэмсэн юм. Би энэ номоо 2021 онд хэвлүүлсэн. "Ковид-19" цар тахал гарч, нээлт нь хойшилсоор өнөөдрийг хүргэлээ. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа" хэмээв.



"Хан тамир" утга зохиолын нэгдлийн тэргүүн Н.Минжинсайхан: "Дүүрэх" гэдэг сонин мэдрэмж байдаг даа. Нутагт маань уул усны бараатай ах нар байдаг гэж бодоход хүний сэтгэл их өег байдаг. Г.Жамц, С.Бараанасан ах хоёрыгоо бүр онцолмоор байна. Орон нутагтаа амьдарч олон сайхан бүтээл туурвидаг ахмад зохиолчид их бий. Тэдний нэгэн адилаар Г.Жамц ахын тухай, С.Бараанасан ахын тухай бодох нь ёстой л уулын нөмөртэй сайхан байдаг юм. Энэ сайхан найман боть номоо бүтээгээд "Хан тамир" утга зохиолын нэгдлийн номын санд өнгөрсөн жилийн намар өгч байлаа.

Энэ номыг нэгжин уншихад хойчийн дараа дараагийн хүүхдүүд энэ номыг мөлийтөл нь сайхан унших ёстой юм байна гэж мэдэрч суусан. Г.Жамц ахынхаа номын баярыг бүтээлцэнэ гэдэг бол бидний уран бүтээлчдийн хувь хүндтэй мөч юм. "Илүү их уншъя" гэсэн уриатай номын тухай эгшиглэж байгаа энэ өдрүүдэд таширлаж Г.Жамц ахын маань номын нээлт болж байгаад туйлын баяртай байна. Бид ямар угшилтай, хаанаас үүдэлтэй юм гэдгийг судалж бүтээж, та нар үүнийг нэг чагнаатхаач, үүнийг нэг мэдээтхээч гээд байгаа тэр тэмүүлсэн зүрх сэтгэл бол Г.Жамц ах юм. Зая гэгээн судлаач. Заяын тухай ингэж нэвтэрхий судалсан хүнийг Г.Жамц ахаас өөр хүнийг мэдэхгүй юм. Үүнийг цааш нь үргэлжлүүлж явах нь бид юм гэж үзэж байна. Үг гэдэг өөрөө хүчтэй, энергитэй. Ном гэдэг бол үг. Энэ сайхан номын гэгээнд ирсэн хүмүүсийн хэлсэн "Урт насалж, удаан жаргаарай" гэдэг ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэх ёстой. Ардын уран зохиолч П.Бадарч хэлсэн байдаг. "Урт насалж, удаан жаргаарай" гэдэг хоёр үгийг хамтад нь хэлэх ёстой. Тэгж байж энерги нь зөв очдог юм гэж. Та минь "Урт насалж, удаан жаргаарай" гэв.


ГОЧООГИЙН ЖАМЦЫН ТУХАЙ:

Сэтгүүлч зохиолч Г.Жамц нь 1946 онд Архангай аймгийн Баян-Улаан суманд төрж бага, дунд сургууль, техникум, дээд сургууль төгсөж, уул уурхайн техникч, сэтгүүлчийн мэргэжил эзэмшжээ. Тэр 1967 онд Булган аймгийн Сайхан овоогийн нүүрсний уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлж, уурхайн малтагч мастер, инженер зэрэг албыг зургаан жил хашаад, 1977 оноос “Үнэн”, “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 38 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.

СГЗ Г.Жамц нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны сэдэвт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр бүтээлээ туурвиж, олон арван сэтгүүлчийг дагалдуулан сургажээ. Тэр сэтгүүл зүйн бүтээлүүдээрээ “Үйлчин”, "Газрын гүний ургац”, “Сүүдэр хүүшлэх эгшин”, ”Хоргодуулах шидтэй нутаг”, “Үхэр тэргээр аялсан сонин сайхан”, “Асуудал дэвшүүлсэн нийтлэлийн дээжис”, “Оргил бэлээсээ эхэлдэг”, ”Мөхлийг гэтэлгэх ногоон эгшиглэн” зэрэг номыг хэвлүүлжээ.,   

Багаасаа шүлэг зохиол оролдож ирсэн Г.Жамц уран зохиолын “Намрын цагаан шөнө”, “Ухаарч дуусдаггүй хорвоо”, ”Сэтгэлийн гал” өгүүллэг туужийн, ”Зөөлөн амгалан заяа” шүлгийн, “Тавилан”, ”Хархул”, “Цөвүүн цагийн жавар“ романуудаа уншигчдын хүртээл болгосон зохиолч юм. Г.Жамц нь Халхын Зая бандида С.Лувсанпэрэнлэйн амьдрал уран бүтээлийг сүүлийн 30 шахам жил судалж,”Нэн тод гэрэлт Зая бандида” судалгааны ном туурвисны зэрэгцээ их хутагтын бүтээлийг эмхлэн “Утгын гучин таван чимгийн яруу эгшиг” номыг эрхлэн гаргаж, оюун соёлын санд хувь нэмэр болгожээ.

Мөн тэр “Зая гэгээн залархуй дор” дуулалт жүжгийн цомнол бичиж, ”Хан Хэнтий нүцгэрэх нь”, “Чанар манай зорилт” зэрэг баримтат киноны зохиолыг бичиж, дэлгэцнээ гарган, шүлгийг нь бичиж нийтийн хүртээл болгосон шилмэл дуунаас бүрдсэн ”Таван хангайн бараа” дууны цомгоо бүтээсэн байна.

        

Эл өдөр Архангай аймгийн 100 жилийн ойг угтан "Хан тамир" нэгдлээс Архангай нутагт сүүлийн 400 гаруй жилийн хугацаанд төрөн гарсан алдар, суу билэгт 370 гаруй зохиолчийн бүтээлийн түүвэр болох "Хантамирын ай" номын нээлт болсон. Энэхүү номын дээжийг СГЗ Г.Жамц, ахмад зохиолч, сэтгүүлч С.Бараанасан нарт хүндэтгэн гардуулсан юм.



Холбоотой мэдээ