Төлбөрийн тэнцэл 382.2 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-23 09:55:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 648.7 (3 дахин) сая ам.доллароор нэмэгдэв.


Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 483.8 сая, анхдагч орлогын алдагдал 169.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн урсгал дансны алдагдал энэ оны 3 дугаар сард 400.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 230.6 сая ам.доллароор нэмэгдлээ.


Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 179.7 сая, зарлага 558.7 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 9 сая, зарлага 49.9 сая ам.доллароор багассан. байна. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний улиралд 379 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 40.9 сая ам.доллароор багаслаа.


Хөрөнгийн данс энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 27.2 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 сая ам.доллароор нэмэгдэв. Харин энэ оны 3 дугаар сард 14.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 7.6 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Санхүүгийн дансны тэнцэл 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 236.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 134.3 сая ам.доллароор багаслаа. Харин энэ оны 3 дугаар сард 126.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 123.2 сая ам.доллароор нэмэгдсэн аж. Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний улиралд 170.4 сая ам.долларын ашигтай байсан бол 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор багасаж, 953.6 сая ам.долларын алдагдалтай болсон байна. 


Төлбөрийн тэнцэл энэ оны 3 дугаар сард 382.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 151.8 сая ам.доллароор нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ