Сүүлийн долоо хоногт томуугийн дэгдэлт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-24 12:21:03

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногт томуугийн дэгдэлт аажмаар өсөх хандлагатай байгааг Халдвартын тасгаас анхааруулж байна.

Хоёр, гуравдугаар сард томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй байсан бол дөрөвдүгээр сараас тогтмол буурч байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд аймгийн төвийн хэмжээнд дэгдэлт өсч эхэлжээ. Тухайлбал, амбулаторийн нийт үзлэгийн 9.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн 95 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол үүний 68 хувь нь цэцэрлэгийн насныхан байна гэж мэдээллээ.  

Томуу, томуу төст өвчний тархалт өвлийн саруудад өндөр байдаг. Харин энэ жил халуун зунаар ч дэгдэлт буурахгүй байгаа шалтгааныг мэргэжлийн эмчээс тодруулахад, "Өвлийн сарууд буюу ид тархалтын үед коронавирус, түүний дараа амьсгалын гаралтай синтициал вирусний халдвар үргэлжилсэн. Давалгааны сүүл үед томуугийн А хүрээний H3N2 вирус эргэлтэд орсон гэв. Тиймээс олон хүн бөөгнөрсөн газраар аль болох явахгүй байх, амны хаалтнаасаа салах цаг болоогүйг анхаарууллаа. Харин сумдын хувьд томуугийн тархалт буурч байна. 

Холбоотой мэдээ