А.Н.Варламов: Монгол Исландтай тун төстэй санагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. М.Горькийн нэрэмжит Утга
зохиолын дээд сургуулийн ректор Алексей Николаевич Варламов Улаанбаатар хотноо
болсон “Үндэсний номын баяр-22”-т оролцохоор ирсэн
юм. Энэ үеэр манай сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.
-М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль Монголтой онцгой харилцаатай. Ингэхэд
Монголоос хэчнээн оюутан танай сургуулийг төгссөн бэ?
-Харамсалтай нь би танд тоо
хэлж чадахгүй нь. Ажилтнуудаасаа энэ талаарх нарийн мэдээллийг авдаг байж. Ямар ч байсан
маш олон оюутан суралцсаны нэг баталгааг дурдъя. Саяхан манай төгсөгч
О.Чинбаяртай хамтран бид “Монголын орчин
үеийн өгүүллэгүүд” ном гаргасан.
Түүнд Монголын зохиолчдын намтар орсон бөгөөд түүнээс үзэхэд ихэнх нь манай
сургуулийн үндсэн анги эсвэл дээд курсийг
төгссөн байсан. Зохиолчид, орчуулагчид аль аль нь.
- Энэ нь манай орчин үеийн уран зохиолын хөгжилд танай
сургууль чамгүй хувь нэмэр оруулсан гэсэн үг.
-Тийм ээ. Танай
ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүртэл манай сургуулийг төгссөн.
-Үүнийг танай сургуулийн удирдлага мэддэг үү?
-Мэдэлгүй яах вэ. “Монголын
орчин үеийн зохиолчдын өгүүллэг“ ном нь
үүний нэг баталгаа. Манайд сурч байсан гадаадын оюутнуудыг бид үргэлж дурсдаг.
Танай оюутнууд тооны хувьд ч олон, үндэснийхээ хувьд том төлөөлөл байсан.
-Өөр ямар орны оюутнууд танайд сурч байна?
-Зөвлөлтийн үед манай
бүрэлдэхүүнд багтдаг байсан бүгд
найрамдах улсуудаас сурдаг байлаа. Одоо эдгээр орнуудын дийлэнх нь тусгаар улс
болсон. Тэр үед Латви, Узбекистан, Туркменистан, Эстони гээд бүгд найрамдах улсуудаас оюутан авдаг байлаа. Үзэл
суртлын үүднээс БНАГУ, Болгар, Чехословак, Монголоос ирж сурна. Харин Зөвлөлт холбоот улс задарсанаас хойш барууны их, дээд сургуультай түлхүү хамтран ажиллах болсон.
Барууны орнуудаас ирсэн оюутнууд нь ихэвчлэн
зургаан сар, нэг жилийн хугацаатай ирнэ. Зөвлөлт засаг задарсанаас хойш тодорхой
шалтгааны улмаас манай ЗХУ-ын
бүрэлдэхүүнд багтдаг үндэстнүүдийн хэлний утга зохиолын орчуулгын тэнхим
хаагдсан. Нэлээд нэртэй тэнхим байсан.
Үүний оронд Европын орнуудын англи, герман, испани, итали хэлний орчуулгыг хөгжүүлж
тус улс орнуудын их, дээд сургуулиудтай холбоо
тогтоож оюутан солилцдог боллоо. Бидний хувьд олон улсын хамтын ажиллагаа маш
чухал боловч хэл бол жишээ нь консерватори шиг биш шүү дээ. Хэл нь өөр хязгаарлалтыг үүсгэдэг. Ер нь бол бидний хувьд
тоо бус чанар чухал.
-Орост “Монголын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлт
болсон. Та түүнийг уншсан уу?
-Уншилгүй яах вэ, маш сонин
санагдсан. Би номыг зохиолч бус уншигчийн хувиар уншдаг. Харин зохиолоо бол зохиолчийн хувиар бичдэг. Энэ ном надад
үнэхээр сонирхолтой санагдсан. Би дэлхийн олон улс оронд очиж үзсэн. Харин
Евразид очсон орон цөөхөн . Монголд өмнө нь ирж байгаагүй, тиймээс энэ ном нь танилцуулга болсон гэх үү дээ. Би танай орны тухай маш их сонссон, үзэх
юмсан гэж боддог байлаа. Яагаад ч юм миний хувьд Монгол Исландтай тун төстэй
санагдсан. Би Исландын утга зохиолд их дуртай. Исландийн хүн ард нь байгаль, эх дэлхийтэйгээ
хамгийн их холбоотой, хүрээлж буй орчноо
маш анхааралтай ажигладаг. Монголчууд, Монголын уран зохиолд ч гэсэн эх дэлхий, газар нутаг гэсэн үзэл
шингэсэн байна лээ. Энэ нь Оросын уран зохиол шиг үзэл санааны хувьд бус бүр цаанаасаа цусанд нь шингэсэн болох нь
мэдрэгдсэн. Энэ номыг уншихад байгаль эх дэлхийдээ хандах хандлага нь хүртэл
мэдрэгдсэн. Зохиолчид нь бүтээлээрээ хэн
нэгэнтэй мэтгэлцэж, ямар нэг зүйлийг тайлбарлаж, батлах гэсэн бус ердөө л
цаанаасаа орчноо, байгалиа мэдэрсэн гэдэг нь харагдсан.
-Энэ номны хариуд “Оросын
орчин цагийн өгүүллэгүүд” ном манай улсад хэвлэгдсэн. Ингэхэд орчин үеийн Оросын утга зохиолын
хөгжил ямар байна гэж боддог вэ, жишээ нь барууныхтай харьцуулахад?
-Би иймэрхүү асуултад хариулж
чаддаггүй. Миний хувьд барууны уран зохиол гэхгүй, италийн, испанийн, английн гэж хуваадаг бөгөөд
эдгээр нь хоорондоо маш их
ялгаатай. Тодорхой хугацаа өнгөрсний
дараа бид орчин үеийн уран зохиолын түүх, улс орон, үндэстнүүдийн уран зохиол болгон өөрийн гэсэн түүхтэй талаар ярьж болно.
Өөрөөр хэлбэл, бүтээлүүд цаг хугацааны
шалгуур давсны дараа дүгнэлт өгч болох юм. Орчин үеийн бүтээлүүд олон янзын өнгө төрхтэй учир дүгнэлт
хийхэд амаргүй. Би барууны уран зохиолыг
их уншдаг. Ер нь бол уран зохиолд хандах
хандлага маань маш энгийн, надад таалагдаж байна, таалагдахгүй байна гэсэн
зарчимтай. Үүнээс цааш гэвэл, яагаад энэ ном таалагдаж байна вэ гэж бодох байх л
даа. Хэрвээ таалагдсан бол яагаад
таалагдав гэж бодоод байх шаардлагатай юу? Таалагдсан бол сайн л биз дээ. Таны
асуултад бодож байгаад хариулж болно, гэхдээ энэ нь нэг тийм хиймэл хариулт
болно.
-Та бол М.Пришвин, А.Толстой, И.Бунин, В.Шукшин, Г.Распутин
гээд алдартай хүмүүсийн намтарчилсан номыг бичсэн. Энэ чиглэлээр дагнан бичдэг
үү?
-Би яруу найргаас эхлээд
өгүүллэг, тууж, дараа нь роман бичсэн. Цэвэр уран сайхны бүтээл ч туурвисан,
баримтат зохиол ч бичсэн. Бодит шаардлага байгаагүй бол би хэзээ ч намтар
бичихгүй байсан болов уу. Өнөө үед зохиолч хүн дан уран бүтээлээрээ амьжиргаагаа
залгуулах боломжгүй, ингэдэг зохиолчид маш цөөхөн. Миний хувьд гэвэл, би их
сургууль төгсөөд тэндээ багшилж, Оросын зохиолч М.Пришвины бүтээлээр докторын
зэрэг хамгаалсан. Түүний намтар маягийн ном бичээд дахин энэ чиглэлээр бүтээл
туурвихгүй гэж бодож байсан боловч хэвлэлийн газраас надад маш сонирхолтой санал тавьсан тул А.Грин, А.Толстой,
В.Шукшин, Г.Распутин гээд олон хүний намтарчилсан ном бичсэн. Тэд бүгд өөр
өөр хүмүүс. В.Шукшинаас бусад нь Оросын уран зохиолын алтан үеийн сор болсон зохиолчид
буюу оросуудын хэлдгээр “современник” үеийнхэн гэгддэг. Энэ бол миний бичсэн баримтат зохиолууд. Үүний сацуу уран сайхны зохиол
бичдэг. Хамгийн сүүлд “Душа моя Павел” (Миний Павел) нэртэй төлөвшлийн, оюутан цагийн тухай ном маань
хэвлэгдсэн. Нэг үгээр хэлэхэд би хоёр чиглэлээр бүтээл туурвидаг.
-Утга зохиолын дээд сургуулийн ректорын ажлын хажуугаар
бүтээл туурвих зав гарч байна уу?
-Зав гаргана аа. Цөөхөн
боловч номууд маань гарсаар байгаа.
-Та Америкийн Айовагийн их сургуулийн зохиолчдод зориулсан
хөтөлбөрт хамрагдаж байсан. АНУ болон баруунд Оросын орчин үеийн уран
зохиолыг аль зэрэг сонирхон уншиж байна?
-Айовагийн их сургуулийн
хөтөлбөрт оролцож түүний хүрээнд лекц уншиж, тэр үед харьцангуй завтай байсан
тул ном бичсэн. Хөтөлбөрт оролцогчийн хувьд энд тэнд очиж янз бүрийн хүмүүстэй уулзсан. Миний уулзсан хүмүүст би зохиолчын хувьд бус орос хүний хувьд сонин байсан. Тэд
өмнө нь орос хүнтэй уулзаж байгаагүйг хэлэх үү. Тиймээс энэ хөтөлбөр нь уран зохиолын гэхээсээ илүү ард иргэдийг
ойртуулсан. Энэ хөтөлбөр маш сонирхолтой
байсан бөгөөд би Америкийг ойлгохыг ихэд хичээсэн. Биднийг бага байхад Америкаар
айлгадаг байсан шиг, америкчуудыг Зөвлөлтөөр айлгадаг байсан шүү дээ.
Энэ хөтөлбөрөөр би жинхэнэ
Америкийг мэдэрсэн. Би Йелийн, Калифорнийн, Стэнфордын их сургуулиудад лекц
уншиж байсан. Гэвч энэ нь тийм ч сонин биш, харин жирийн америкчуудтай уулзах
нь хамгийн сонирхолтой байсан.
-Хоёулаа эргээд Утга зохиолын дээд сургуулийн талаар
ярилцъя. Зөвлөлтийн үед танай сургуульд суралцах хүсэлтэй хүн маш олон байсан.
Өнөөдөр ийм хүмүүс олширсон уу, цөөрсөн үү?
-Цөөрсөн. Яагаад гэвэл зохиолч гэдэг тийм ч нэр хүндтэй ажил биш болжээ. Зөвлөлтийн үед бол зохиолчид нийгмийн сор нь болж байсан. Оюуны хувьд ч, эд хөрөнгө мөнгөний хувьд ч тэр.