Америкчуудын талаас илүү хувь нь зэвсгийн хуулийг чангатгахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-05-26 15:22:51

ВАШИНГТОН. /CBS News/.  АНУ-ын иргэдийн 54 хувь нь зэвсгийн тухай хуулийг чангатгахыг дэмжиж байгааг телевизийн “CBS News” суваг болон “YouGov” судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгад оролцогчдын 30 хувь нь одоо байгаа хуулиудыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Харин 16 хувь нь одоо хэрэгжиж байгаа хязгаарлалтыг сулруулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.


Судалгаанаас харахад эрчүүдээс (46 хувь) илүүтэй эмэгтэйчүүд (60 хувь) зэвсгийн хуулийг чангатгахыг дэмжиж байна. Мөн энэ хуулийг чангатгахыг бүгд найрамдахчуудаас (27 хувь) илүү Ардчилсан намыг дэмжигчид (79%) дэмжжээ.


Дээрх санал асуулгыг явуулснаас хэдхэн хоногийн дараа тавдугаар сарын 24-нд АНУ-д дахин галт зэвсэг хэрэглэсэн хэрэг гарсан юм. Тус улсын Техас муж улсын Ювалд хотын бага сургуульд гал нээсний улмаас 19 хүүхэд, хоёр багш амиа алдсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хэргийн дараа зэвсгийн хэрэглээг дэмжигч лоббитой тэмцэхийг уриалжээ.


Энэ сарын 18-20-ны хооронд явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 2041 иргэн оролцсон байна.


Холбоотой мэдээ