Өнөөдөр хайхрахгүй өнгөрөөсөн зүйл ирээдүйд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг жүжгээр харуулжээ

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-27 15:35:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Дархан-Ус суваг" ХК-иас олон талт ажлыг санаачлан зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багачуудад зориулан хүүхдийн жүжгийг толилуулж байна.

СӨББ-ын ахлах болон бэлтгэл ангийн хүүхдүүдэд ундны усны ач холбогдол, үнэ цэнийг таниулах, усыг хэрхэн зүй зохистой ашиглахыг сурталчлах зорилготойгоор Залуучууд театрын дэргэдэх “Дионис” драмын дугуйлантай хамтран "Цэнгэг горхи" хүүхдийн жүжгийг Дархан сумын СӨББ-уудад өдөр бүр тоглож байна.

Гэртээ, ангидаа хэрэглэж буй ус нь ямар үнэ цэнтэй, хэрхэн бидний ундаа болдог, усыг хэрхэн хайрлаж хамгаалах, хэмнэхийг жүжгээр дамжуулан харуулж буйд багш, эцэг эхчүүд талархалтай байлаа. МУСТА, жүжигчин Л.Хишигсүрэнгийн удирдлага дор хичээллэдэг “Дионис” драмын дугуйлан нь жил бүр 2-3 жүжгээр дамжуулж хүүхэд багачуудад сургамж өгч, бусдыг хайрлах, энэрэх, хэрэглэж буй зүйлээ хэрхэн хамгаалах, өнөөдөр хайхрахгүй өнгөрөөсөн зүйл нь ирээдүйд байгаль дэлхийд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг сануулсан сургамжит үлгэр, жүжгийг олны хүртээл болгодог.  Энэ хүрээнд “Дархан-Ус суваг” ХК-ийн санаачилгаар уг жүжиг хүүхэд багачуудын хүртээл болгож байна. Ингэхдээ цэнгэг усаа хайрлахын ач тусыг хүүхэд бүр жүжгээр дамжуулан ойлгож авахыг зорьжээ.

 

Холбоотой мэдээ