Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-02 13:56:49

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.

"Хүүхдэд ээлтэй орчин" төслийг Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпорацитай хамтран 2018 оноос үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд бүх сумын сургууль, цэцэрлэгүүдийг орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгожээ. 8900 гаруй хүүхэд, залуусыг сонсож, бүхий л түвшинд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилласнаар 2021 оны 108 тусламжийн утсанд хандсан хүүхдийн эрхийн зөрчлийг 2016 онтой харьцуулахад 2,5 хувиар буурсан байна.  

Хамран сургалтыг нэмэгдүүлэх, нэг багш, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог стандарт жишигт хүргэхийн тулд өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилгын хүрэлцээг нэмэгдүүлж, өргөтгөх, шинэ барилга, байгууламжтай болгох, багийн бага сургууль байгуулснаар сургууль, цэцэрлэгийн хамран сургалт нэмэгджээ.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд боловсон ариун цэврийн байгууламж бий болгох, “Багш хөгжлийн төв”, “Жаргалан кафе”, “Манай анги”, “Сургууль цэцэрлэгийн бүс”, “Сургуулийн эко автобус” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, хөгжлийн төвүүдийг нэмэгдүүлснээр цаашид сурлагын амжилт, чанараа бататгах, ахиулах, сургалт, хүмүүжлийн ажилд ахиц гаргах бүрэн боломжийг нээж өгч байна.

Холбоотой мэдээ