Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-05 00:15:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.


Түүнийг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Бойко болон холбогдох албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд углаа. Энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх айлчлалынхаа хугацаанд тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.


Уулзалтын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Энэ удаагийн айлчлал нь польшийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Монгол Улсад анх айлчилж байсан юм.

Холбоотой мэдээ