Хөвсгөл нуурт живсэн техникийг татан гаргах ажлын судалгааг Япон улстай хамтран хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-06 18:34:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ оны 2 дугаар сарын 23-24-ний өдөр зохион байгуулсан "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах тухай зөвлөмжийг гаргасан. Зөвлөмжийн хүрээнд Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажиллагааны эхний үе шат болох урьдчилсан ерөнхий судалгааг Япон Улстай хамтран хийж байна. 


БОАЖ-ын сайд, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нараар ахлуулсан баг Япон Улсын далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах чиглэлээр 100 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй "Ниппон салвэйж" компанийн төлөөлөл Араки Ватару нарын бүрэлдэхүүн
 Хөвсгөл нуурт өнгөрсөн долоо хоногт ажиллалаа. Энэ удаа Японы талаас Хөвсгөл нуурын байгалийн тогтоц, техник хэрэгслийн живсэн байх магадлалтай газруудын хэмжээ, байршлыг агаараас тандах, цаашид байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах техник хэрэгслийн талаар мэдээлэл судалгааг хийсэн байна.


Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.

Өнгөрсөн онд Хөвсгөл нуурт 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, нуурын усыг бохирдуулж байсан нэгэн том эх үүсвэрийг аюулгүй болгосон. Одоогоор 1950-аад оноос эхлэн өвлийн улиралд түлш, бордоо, шатахуун, бараа материал тээвэрлэдэг автомашинууд Хөвсгөл нууран дээгүүр зорчих үед нуурын мөс цөмөрч живсэнээс Хөвсгөл далайн ёроолд өнөөдрийг хүртэл том, жижиг нийлээд 50 гаруй тээврийн хэрэгсэл нуурын эко системийг бохирдуулж байгаа ажээ.

 

 

 


Холбоотой мэдээ