Хамтын ажиллагаагаа сэргээх эрмэлзэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-08 14:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас манай улсад бизнесийн томоохон төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Тодруулбал, ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч А.В.Уссын манай улсад хийж буй айлчлалын хүрээнд тус мужаас бизнесийн 50 шахам төлөөлөгч ирж, өнөөдөр Монгол-Оросын бизнес форумыг “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.


Форумыг ОХУ-ын талаас “Енисейн Сибирь” хамтын ажиллагаа-хөгжлийн корпораци, Монголын талаас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Мишээл Экспо" групп, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулав. Форумыг нээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Красноярск мужийн амбан захирагч А.В.Усс нар үг хэлсэн юм.


Форумын талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланаас тодрууллаа.


Тэрбээр, “Ковидын цар тахлын нөхцөл байдлын дараагаар улс орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чухал болоод байна. Улс орнууд өөрсдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнээр бие биеэ хангах, харилцан хамаарал нь дэлхийн бүх улс оронд хэрэгтэй юм байна гэдгийг өнгөрсөн цаг хугацаа илүү их мэдрүүлж өгсөн. Манай улс өөрсдөө үйлдвэрлэгч улс болох зорилтыг төрийн тэргүүнээсээ эхлээд төр, засгийн зүгээс тавьж буй өнөөдрийн нөхцөлд хөрш орны маань бизнесийн томоохон төлөөлөл ирж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байна.


Ялангуяа ХАА-н салбар болон нийтлэг хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлд бид өөрсдийгөө хангахад хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлоод, хоёр орны бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүс аль аль талдаа, алдагдаад байсан нөхцөл байдал, боломжийг сэргээж, эдийн засаг, бизнесээ тогтвортой байлгаж, бараа эргэлтээ нэмэгдүүлэхийг хүсч эрмэлзэж байгаа нь өнөөдрийн форумаас харагдаж байна гэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас баталсан нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийн шинэчлэлээр хот цаашдаа эдийн засаг, төсөв, газрын харилцаа, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хувьд бие даан бэхжих шинэ зам, шинэ үүд хаалгыг нээсэн онцгой чухал шийдвэр болсон”-ыг тодотгоод, “Эрх зүйн энэ шинэчлэлийг бид эдийн засгийн өсөлт болгохыг эрмэлзэж байгаа. Хуулиар хотод олгосон энэхүү санхүүгийн эрх мэдэл, хөрөнгийн эх үүсвэрийг хүчтэй эдийн засаг болгон ашиглахын тулд бид бусад хотуудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах замаар харилцан ашигтай хамтран ажиллах нь бүрэн нээлттэй”-г тэмдэглэн хэлсэн юм. 



Форумаар ОХУ-ын талаас “Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж, "Енисейн Сибирь" хөрөнгө оруулалтын цогц төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бол Монголын талаас Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр-хувийн хэвшлийн түншлэл хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, бизнесийн орчин, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Тэрбээр, нийслэл хотын хувьд орон сууцны дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцолсон юм.


Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хоёр орны эдийн засаг, бизнес, худалдааны хамтын ажиллагааны нөхцөл байдал, боломжийн талаар танилцуулсан юм. Красноярск мужийн бизнес эрхлэгч нар жижиг, дунд бизнес, тээвэр-логистик, ХАА-аж үйлдвэр, тэр дундаа мод боловсруулалт, аялал жуулчлалын чиглэлээр ажиллах түнш байгууллагатай харилцаа холбоо тогтоон, санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийллээ.


Форумын үеэр манай улсын барилга, мод, сантехникийн чиглэлийн ААН-үүд Красноярск мужийн зарим компанитай, манай улсын Өвөрхангай, Булган аймаг газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр мөн хамтран ажиллахаар тогтлоо.


Форумыг хамтран зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Улаанбаатар хотын Худалдааны танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол-Оросын Ажил хэрэг, бизнесийн зөвлөл оролцлоо. ОХУ-ын талаас форумыг зохион байгуулагч “Енисейн Сибирь” корпораци нь Красноярск мужийн бие даасан, ашгийн төлөө, хамтын ажиллагааны байгууллага аж. Тус корпораци нь Красноярскийн хязгаарын нутаг дэвсгэрт ОХУ-ын Арктикийн бүсийн удирдах үүргийг гүйцэтгэхээс эхлээд Красноярск муж болон  ОХУ-ын Хакас, Тува улсад бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжин, харилцааны олон талт бүх үйл ажиллагааг уялдуулан авч явж буй хөгжлийн, хамтын ажиллагааны байгууллага юм гэдгийг ОХУ-ын Красноярск мужийн Засгийн газрын дэд тэргүүн, тус мужийн Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын сайд С.В.Верещагин тодотгож, корпорацийн үйл ажиллагааг Монголын талд танилцуулсан юм.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ