1000 оюутан цэргийн эрдэмд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 09:58:33

БХЯ-наас гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт энэ онд 49 их, дээд сургуулийн 1000 гаруй залуус хамрагдаж байна.

“Оюутан цэрэг”-үүд дөрөвдүгээр сарын 01-нээс зургадугаар сарын 1 хүртэл цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтад хамрагдсан бөгөөд одоо мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтаа эхлээд байгаа билээ. Энэ сарын 06-нд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар хөтөлбөрийн үйл явцтай танилцлаа.

Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар, эрүүл мэнд зэрэг шалтгааныг харгалзан үзэж 1000 залууг тэнцүүлжээ. Үүнээс 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төв, 150-ийг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.

БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан цэрэг” хөтөлбөрт зориулан 1000 хүний хоол бэлтгэх хүчин чадалтай гал зуух болон цахилгаан хэрэгсэл, усанд орох байр, 500 хүний хооллох заал, 750 хүний хээрийн майхан, нүүдлийн театр зэрэг бэлтгэл хангасан байна.

Хээрийн сургуульд оюутнууд байлдааны үед хэрхэн отолт хийх вэ, хээрийн нөхцөлд гал түлэх, модны мөчир ашиглан оромж барих зэрэг олон дасгал хийж байна. Мөн гранат шидэх, буудлага гүйцэтгэх, танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөх, гал түймэр болон саадтай газар орчныг туулах зэрэгт суралцаж байна.

Оюутан цэргүүд цэргийн хэргийн мэдлэгээс гадна бусдыг хүндлэх, ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх багаар ажиллах арга ухаанд суралцсанаа хэлээд ямар ч үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үүрэг гүйцэтгэхэд бэлхэн хэмээж байлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ