Чанаргүй зам тавьсан компаниудыг шүүхэд шилжүүлжээ

ОРОН НУТАГТ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-15 09:06:20

Дорнод /МОНЦАМЭ/. Өндөрхаан-Чойбалсангийн 50 км, Чойбалсан-Булган сум хоорондох 27 км замын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн "Чайна гео инженеринг", "Хансуун зам" ХХК-иудыг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн дагуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Цагаанхоолой гэх газар барьсан 50км, Дорнод аймгийн Булган сумын нутаг Өндөр хошуу гэх газар 27 км барьсан авто замууд нь автозамын стандартын шаардлага хангаагүй учраас Улсын комисс хүлээж аваагүй өдийг хүрсэн байдаг. 

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гүйцэтгэгч компаниудаар засвар арчлалтыг хийлгүүлж, тус авто замуудыг Улсын комисст хүлээлгэж өгөх талаар Зам тээвэр, хөгжлийн сайдад албан бичгээр хандаад байсан юм. Энэ дагуу Зам тээвэр хөгжлийн яамнаас томилогдсон ажлыг баг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км автозамын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр "Чайна гео инженеринг" ХХК-иас нэхэмжилсэн 22 тэрбум төгрөгийн 33,3 хувь буюу 7,4 тэрбум төгрөгийг Зам тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ.

Харин Булганы 27 км автозамын тухайд гүйцэтгэгч "Хансуун зам" ХХК-тай байгуулсан гэрээг ЗТЯам 2021 онд цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ч одоогоор шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байна.

Холбоотой мэдээ