БНХАУ 2021 онд 6.7 сая га газрыг цөлжилтөөс ангижруулжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-06-17 22:55:13

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ 2021 онд 6.7 сая гаруй га газар нутгаа цөлжилтөөс ангижруулж чадсан гэж тус улсын Үндэсний ойн сан, бэлчээрийн асуудал хариуцсан газар мэдэгджээ.


Жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тохиодог “Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тус газар ийн мэдэгдсэн байна.


НҮБ-ын мэдэгдсэнээр, тогтвортой хөгжилд, ялангуяа хөгжиж буй орнуудын хөгжил дэвшилд хамгийн ихээр аюул учруулж буй цөлжилттэй тэмцэхийн тулд олон улсын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх нь чухал болохыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ оны хувьд уг өдрийг “Ган гачигтай хамтдаа тэмцэцгээе” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.



Хятад улс цөлжилтөд нэрвэгдээд байсан газар нутгийн хэмжээгээ өнгөрсөн онд 6.7 сая гаруй га-гаар бууруулснаас гадна 2 сая гаруй га чулуурхаг газрыг цөлжилтөөс аварч чадсан гэж Үндэсний ойн сан, бэлчээрийн асуудал хариуцсан газрын мэдэгдэлд дурджээ. Энэхүү амжилт нь төв засгийн газрын  санхүүгийн дэмжлэг, эрдэмтэн судлаачдын уйгагүй хүчин чармайлт, ард иргэдийн оролцоо болон олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон талт арга хэмжээний үр дүн гэж тус газар мэдэгдсэн байна.


Цөлжилт гэдэг нь хүний үйл ажиллагаа болон байгаль цаг уурын нөхцөл зэргээс үүдэлтэйгээр хөрс доройтож, өвс ургамал ургах нөхцөлгүй болж, газар хуурайшиж хатах хүртэлх үйл явц юм.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны мэдэгдсэнээр, өдгөө дэлхийн нийт газар нутгийн 46 орчим хувийг хуурайшиж хатсан газар эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний газар нутаг цөлжилтөд нэрвэгдээд байна гэсэн үг. Цөлжилтөд нэрвэгдсэн газруудад 3 тэрбум хүн аж төрж байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас 2021 онд гаргасан мэдээллээс харахад 2000 оноос хойших ган гачгийн тоо болон үргэлжлэх хугацааг 2000 оноос өмнөх 20 жилийнхтэй харьцуулахад 29 хувиар өсжээ. Цаашид дэлхий даяар илүү их ган гачиг нүүрлэх эрсдэлтэй байна гэж тус байгууллага анхааруулсан байна.


Холбоотой мэдээ