Өнгөрсөн онд Орхон аймагт зам тээврийн ослын улмаас 6 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-21 08:31:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Замын Цагдаагийн газраас зохион байгуулж буй  “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны нээлт улс орон даяар  боллоо. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд зам тээрийн ослын улмаас 4955 хүн амиа алдсан бол он гарсаар 195 хүн нас баржээ.

Мөн өнгөрсөн онд жолоочийн буруугаас үүдэлтэй 21992, зам, замын байгууламжийн буруугаас 48, явган зорчигчийн буруугаас үүдэлтэй 442 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тиймээс уг аяныг хэрэгжүүлснээр зам тээврийн ослын тоо, учирч болох хохирлын хэмжээ буурна гэж үзэж байгаа юм.

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян гурван сарын хугацаанд хэрэгжих бөгөөд тус аянд Орхон аймаг нэгдэж аймгийн ИТХ, ЭМГ, Цагдаагийн газар хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Аяны зорилго нь  зам тээврийн ослын тоог багасгах, жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх, хот доторх замын байгууламж, түүний тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х.Одбаяр хэллээ.

Орхон аймагт өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 6 хүн амиа алдаж, 60 хүн гэмтсэн нь  өнгөрсөн онуудаас 25 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн аймгийн хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаант нас баралтын 95 тохиолдол бүртгэгдсэнээс 10 тохиолдол нь зам тээврийн ослоос үүдэлтэй байгааг Эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.

Тиймээс нийт жолооч нарыг “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аянд нэгдэхийг уриаллаа. Мөн замын хөдөлгөөнд дүрмээрээ соёлтой оролцож, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.  



Холбоотой мэдээ