АРХАНГАЙ: Уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын лицензгүй аймаг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-23 17:34:16
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Эрдэнэбулган сумын иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэж, санал хүсэлтийг сонслоо.
Эрдэнэбулган сумын иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй таван төрлийн санал дээр гар өргөх хэлбэрээр саналаа өгсөн. Тухайлбал, төрийн сүлдийг өөрчлөхгүй байх, сонгуулийг одоогийн явуулж байгаа зарчмаар явуулах, парламентын тогтолцоог одоогийн байгаагаар нь, УИХ-ын гишүүний тоог 76 хэвээр нь байлгах, цаазын ялтай болох гэдэг саналуудыг олонх болж дэмжиж байв.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, Архангай аймгийг уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын лицензгүй аймаг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Архангай аймагт 2022 онд нийт 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтыг тусгаж өгснөөс 120 орчим тэрбум төгрөг нь шинэ ажил, үлдсэн нь он дамнаж барьж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад хуваарилагдсан талаар мэдээлэл өгөв. Ирэх онд аймгийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан аймгийн төвийн гэр хорооллын бүх айл өрхийг цэвэр, бохирын шугамд холбох болон бусад тохижилтын ажлуудыг хийх 30 тэрбум төгрөгийн ажил эхэлж байгааг дуулгав.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ дулааны станц эхлэхээр болж буйг, аймагт утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэртэй болно, малчдыг дэмжсэн буюу сум бүрд ногоон тэжээл тариалах ажлыг туршилтын байдлаар эхлүүлж буйгаа, Эрдэнэбулган сумын 2-р багийн төвийг жишиг багийн төв болгохооор ажиллаж байгаагаа тус тус онцлон тэмдэглэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Архангай аймагт барьж буй хөрөнгө оруулалтын ажлуудын явц янз бүр байна. 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ жил ашиглалтад оруулах байсан ч төсвийн тодотголоор суугдсан 10 тэрбум төгрөг нь хасагдсан. Гэхдээ ажил сайн явбал оны төгсгөлд ажил нь муу явагдсан хөрөнгө оруулалтаас сайн гүйцэтгэлтэй байгаа хөрөнгө оруулалт руугаа хуваарилдаг. Энэ маягаар зохион байгуулахаар холбогдох газруудад хандаад байна. Дараагийн асуудал нь аймгийн боловсролын чанарыг сайжруулъя. Барилга байшингууд нь нэг үеэ бодвол шинэчлэгдээд сайхан болсон. Одоо аймгийн төвд 5-6 цэцэрлэг барих шаардлага үүсээд байгаа. 2024 оны төсөвт цэцэрлэгүүдийн барилгыг суулгаж өгөхөөр ажиллаж байна. Мөн сумдын Эрүүл мэндийн төвүүдийг ч гэсэн анхаарч ажиллаж байна. Барилга байшин нь сайжирч, үйлчилгээ авах нөхцөл боломж нь сайжраад байдаг. Дотор нь ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид ажлаа хариуцлагатай хиймээр байна" хэмээн тэмдэглэн хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд боловсролын салбарыг улс төржилтөөс ангид байлгах, боловсролын тухай хууль, төрийн албаны тухай хуулийн шинэчлэлт, банкны тухай хууль зэргийг засаж, сайжруулан удахгүй өргөн барихаар ажиллаж буйгаа хэллээ. Тэрээр банкны хууль бус болон бизнесийн салбар дахь эрүүл биш тогтолцоог халах тухай, мөн эрүүл мэндийн салбарт гарсан эрүүл биш шийдвэр нь хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, боосон асуудал болсон. ЭМС-ийн энэ шийдвэрийг цуцлуулахаар ажиллаж байна гэв.
Мөн хөдөөгүүр иргэдтэй уулзалт хийж байхад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн баталгаатай холбоотой, тэтгэвэр тогтоолгох хувь хэмжээтэй холбоотой, тэтгэврийн дунджийг тогтоолгох дараалсан жилтэй холбоотой асуудлыг хамгийн их ярилаа. Цаашид төрийн бодлогын түвшинд төрийн албаны шинэчлэлийг цалинтай нь уялдуулж, анхан шатанд буюу сум, аймагт цалинг нэмэгдүүлэх ажил нэгдүгээрх ажил юм байна гэж харлаа" гэв.

Холбоотой мэдээ