БАЯНХОНГОР: Аялал жуулчлалын эко "Отоглох цэг" байгууллаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-06-28 09:09:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн УТХГН-ийн Их Богдын Байгалийн цогцолборт газар буюу тус аймгийн аялал жуулчлалын томоохон нөөц газар болох Төрийн тахилгат Их Богд уулын Цонж хайрханыг түшиглэн аялал жуулчлалын Отоглох цэгийг байгууллаа. Энэхүү ажлыг "Ойн их хишиг" ХХК гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгч байна. 

Энэхүү Отоглох цэг нь дотоод, гадаадын жуулчдын амрах, аялах тав тухтай орчин бүрдүүлсэн төдийгүй, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, ТХГН-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, түүнээс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тус цэгт 15-20 машины зогсоол, мэдээллийн самбар, 20 майхан барих талбай, ширээ сандлын хослол, сүүдрэвч, гэрэлтүүлэг, морины уяа, бие засах боловсон газар, хамгаалалтын хашаа 1 га талбайд, орж гарах хаалга, замын тэмдэг, тэмдэглэгээ, байгаль хамгаалагчийн байр, шорлог хийх зуух, явган хүний зам 1 га-д, галын саравч, гар нүүрний угаалтуур, шувууны үүр, хүүхдийн элсэн талбай, волейболын шон зэргийг хийж гүйцэтгэжээ.

Ийнхүү аялагчид Хонгор нутгийн байгалийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт сайхан газар Төрийн тахилгат Их Богд уулын Отоглох цэгт тухлан саатаж эко аялах боломж бүрдэж байна.