Монгол Улс ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглалтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-28 16:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилтээр манай улсад “Нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба Эко тэмдэг (STEPECOLAB)” төслийг 4 жил хэрэгжүүлж байна.


Дээрх төслөөс санаачилан “Монгол Улсын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглал-2030” дунд хугацааны баримт бичгийг ХХААХҮЯ, БОАЖЯ зэрэг холбогдох яам, агентлаг, мэргэжлийн холбоод шинжээч, мэргэжилтнүүдийн хамт боловсруулан гаргаад байна. Түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой хэрэглээг эрхэмлэн байгальд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн гаргах уг замын зураглалыг өнөөдөр “Блью Скай” зочид буудалд танилцууллаа.


Европын холбооноос Монгол Улсад сууж буй Элчин сайд Аксель Никэйз нээж хэлэхдээ, Ноолуурын үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөр стратегийн чухал салбарт орно. Энэ үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлж буй энэхүү замын зураглал нь бид нөхцөл байдлаа ойлгох, тулгарч буй бэрхшээлээ шийдэх, цаашдын хөгжлийн боломжуудыг тодорхойлох бичиг баримт болж буйг тэмдэглэсэн юм.


Тэрээр, “Монгол Улсын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглал-2030”-ыг гол хэрэгжүүлэгч талын нэг нь малчид, үйлдвэрлэгч нар, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанаас гадна төр, засгийг төлөөлж буй салбарын яам ХХААХҮЯ гэдгийг тэрээр онцлон хэлж байв.

“Монгол Улсын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглал-2030”-ын талаар уг баримт бичгийг хамтран гаргасан мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж тодруулав. Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Энэ стандартыг боловсруулахдаа бид олон улсын бүх шаардлага, үзүүлэлтэд нийцүүлэн гаргасан. Ингэснээр Монгол Улс өнөөдөр байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг явуулж байна гэдгийг баталж байна. Үйлдвэрлэлээс гадна манай улс ноолуурын Монголын “Хаан ширхэгт” гэсэн бүтээгдэхүүний чанарын стандартыг нэвтрүүлж, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хэдийнэ гаргаад байгаа. Энэ хоёр стандарт, гол шалгуур үзүүлэлтүүдийг гаргаснаар манай улс ноолуураар дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжийг бий болгоод байна.


Замын зураглалын гол зорилго Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ноолуурын салбарын нөлөөллийг тодорхойлж, түүхий эдийн бэлтгэл, боловсруулалт болон үйлдвэрлэлээс байгаль орчинд гарч буй ул мөрийг цаашид тогтвортой сайжруулах, салбарын урт хугацааны хөгжилд чухал хувь нэмрээ оруулах юм гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.


Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, "Аливаа үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлт, хэрэглэгчдийн чиг хандлага нь байгальд орчинд хор хөнөөлгүй, хүний биед эрүүл, аюулгүй, гарал үүслийн мөшгих тогтолцоо нь тодорхой, ухаалаг үйлдвэрлэлтэй байхыг шаардаж буй. Энэ нөхцөлд манай улс Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглалтай болж байгаа нь Монгол Улс ноолуурын үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргах стратегиа шинэчилж байна гэсэн үг. Үүний өмнө манай улс олон улсын зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээр танигдаж байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүнээр ондооших шинж чанарыг баталгаажуулж байна.


ХХААХҮЯ-ны дэд сайд Г.Батсуурь, Дэлхийн дулаарал, уур амьсгалийн өөрчлөлтөөс хамааран байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулж, ийм хэрэглээг эрхэмлэх болсон цаг үед Монголын ноос, ноолуурын салбарыг тэргүүн чиглэл болгох зорилгын нэг алхам хэрэгжиж эхэллээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж, ахуй, мал аж ахуйн чиглэлд баримталж буй бодлого, стратегид нийцсэн үйл ажиллагаа, малчид, үйлдвэрлэгч нар, эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоод, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааны түлхүүр баримт бичиг болж байна.






Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ