БАЯНХОНГОР: Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөлдөж байна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-29 15:11:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор  аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран өнөөдөр /2022.06.29/ Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг Баянхонгор хотноо зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага болоод харилцаа хандлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлж, чанар хүртээмжийг сайжруулах зорилготой тус зөвлөгөөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгосноор хийж байгаа юм.

Зөвлөгөөнд аймгийн нийт төрийн байгууллага, 20 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, хамтарсан багийн гишүүд, төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн дарга нарын зэрэг 300 гаруй албан хаагч оролцож байна. Мөн зохион байгуулагчдын урилгаар ТАЗ-ийн ажлын албаны дарга болон бүрэлдэхүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, ЦЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнээс оролцож, төрийн алба болоод түүний албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар зөвлөлдөж байна. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, “Иргэдийг алагчлалгүй, ажил үйлчилгээгээ жигд сайн хүргэж чаддаг, хэдэн мянган албан хаагчдыг хэдхэн чадахгүй, ёс зүйгүй, сахилга батгүй хүнээс болж нийтээр нь харлуулж харагдуулах нь элбэг болсон байна. Зөвлөгөөнөөр хэн ямар алдаа зөрчил, ёс зүйгүй үйлдэл гаргасныг тоочиж суухдаа бус манай байгууллагын алба хаагчид хандлага зөвтэй, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйгээрээ яаж  манлайлж болох вэ гэдгийг зөвлөлдөж ярилцъя. Төрийн албаны нэр хүндийг сэргээх, иргэдийг чирэгдүүлэлгүй ажил үйлчилгээгээ хүргэдэг болоход байгууллагын дарга бүр тодорхой, ахицтай, үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахыг үүрэг болгоё” гэв.

Бүтэн өдрийн турш үргэлжлэх зөвлөгөөний эхэнд төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудлууд сэдвээр ТАЗ-ийн Ажлын албаны дарга Г.Билгүүн, Маргаан хянах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл нар, Төрийн албан хаагчийн ёс зүйн ба хүний эрхийн асуудал сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул, Гомдол шалгалтын ажлын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл хийлээ. 

Зөвлөгөөний хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын ес зүй, сахилга хариуцлагын өнөөгийн байдал, сүүлийн 3 жилд төрийн албан хаагчдаас холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн мэдээ, авлига албан тушаалын гэмт хэргийн талаар холбогдох газруудаас мэдээлэл хийх юм. Энэ үеэр Эрүүл мэндийн салбар, Боловсролын салбар, Богд, Бууцагаан,Баянговь сумын удирдлагууд дээрх сэдвийн хүрээнд сум, байгууллагын хэмжээний нөхцөл байдлын талаар сонсгол тавьж, төрийн албан хаагчид санал бодлоо нээлттэй солилцоно.

Холбоотой мэдээ