АРХАНГАЙ: Аймгийн төсөвт 13.5 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 98.9 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-30 17:52:21

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2022 оны 5 дугаар сард аймгийн төсөвт 13.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 13.5 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 98.9 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 97.5 хувиар биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Эрдэнэбулган, Хайрхан, Хашаат, Хотонт, Өлзийт, Өндөр-Улаан, Чулуут сумдаас бусад сумд 106.3 хувиас 3.4 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 57.7 хувийг тусламжийн орлогоор, 21.8 хувийг орлогын албан татвараар, 5.6 хувийг хөрөнгийн албан татвараар, 9.2 хувийг бусад албан татвараар, 5.4 хувийг татварын бус орлогоор, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл малын тоо толгойн албан татвар, бууны албан татвар, хөрөнгийн орлого, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогыг 109.3 хувиас 4.5 дахин давуулан биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 479.5 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 697.3 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 24.3 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 3.0 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.5 сая төгрөг бүгд 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 102.9 хувиар биелүүлжээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 11.4 тэрбум төгрөг байгаагийн 47.9 хувийг цалин хөлсөнд, 5.9 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 46.2 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.




Холбоотой мэдээ