Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрд ажилласнаар тооцох зохицуулалтыг хасах санал гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-30 17:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газар 2022 оны 4 дүгээр сарын 14-нд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021 оны 5 дугаар сарын 21-нд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны 7 дугаар сарын 5-нд өргөн мэдүүлснийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын баг нэгтгэсэн юм. Ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахал, гишүүнээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажилласан юм.


Ажлын баг эгтгэсэн төсөлтэй холбогдуулан 12, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 5 зарчмын зөрүүтэй саналыг томьёоллыг бэлтгэсэн байна. Нэгтгэсэн төслөөс төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах санал гаргажээ. Мөн төрийн улс төрийн томилогддог албан тушаалтанд тавих ёс зүйн шаардлагыг Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд бусад шаардлагыг энэ хуульд тусгах шаардлагагүй гэж үзэж хасах санал бэлтгэсэн байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11.1.9-д заасан албан тушаалд болон орон нутгийн хурлын төлөөлөгчийг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалт нэмэх болон бусад зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэжээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагын асуудлыг ярихаас өмнө албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэллээ. Тэрбээр, “Тэтгэврийн хэмжээ 500 мянгаас илүү байхад төрийн албан хаагчийн цалин мөн 500-600 мянган төгрөг байгаа нь зохимжгүй. Тиймээс цалингийн шатлалын асуудлыг давхар оруулж ирэх хэрэгтэй” хэмээв.


Хуулийн төслийн ажлын багаас, “Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудлыг тусгаагүй. Мөн орон нутагт байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл олгох, орон сууцны бодлогоор дэмжих, ажлын үр дүнд суурилсан цалингийн систем зэргийг нарийвчлан судалж байгаа бөгөөд өөр хуулийн төслөөр энэ асуудлыг орж ирнэ” гэсэн тайлбар өглөө.


Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар боловсон хүчний асуудлаа барих ёстой хэмээв. Тэрбээр, “Сум бүрд 3-5 ажлын орон тоо сул байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэж, цалин мөнгө, нийгмийн хангамжаар нь хангах үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлэх хуулийг оруулж ирэх шаардлагатай байна” гэв.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1338 сул орон тоо байгаа аж. Эдгээрийн дийлэнх нь 312 суманд байгаа бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан ч тэнцэх боловсон хүчин орж ирэхгүй байгааг хуулийн төслийн ажлын багаас онцоллоо. Цалин хөлс, нийгмийн хангамжтай холбоотой асуудлын тухайд улсын хэмжээнд цалин, хангамжийг нэг загвар, нэг хэлбэрээр тогтоох зайлшгүй шаардлага үүссэн тул Засгийн газрын ажлын баг байгуулсныг мөн танилцуулсан юм.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Монголын төр хүчтэй байх, босго өндөр байхын  тулд улс төрийн албан тушаалтан, сайд дарга нарт шалгуур тогтоох асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Гэвч энэ төслөөс нэгтгэсэн төсөлд нэг ч зүйл заалт оруулаагүй байна. Мэргэжлийн Засгийн газартай, сайд нар нь ур чадвартай, туршлагатай байх ёстой гэдэг зарчмыг тусгасан төслийг хассан байна” хэмээн шүүмжлэв.


Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөж, ажлын багийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар маргааш санал хураах боллоо.

Холбоотой мэдээ