АРХАНГАЙ: УИХ-ын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ФОТО
gereltod@montsame.mn
2022-08-05 14:13:41

Архангай /МОНЦАМЭ/. Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд  түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймагт  ажиллаж байна. 


УИХ-ын даргатай хамт ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Соёлын дэд сайд М.Батбаяр болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн олдворыг 2022.08.03-нд үзэж, нөхцөл байдалтай танилцсан юм.


Дараа нь Ажлын хэсгийнхэн Батцэнгэл суман дахь Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламжтай танилцсан.  Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж болон Талын гурван хэрэм нь нийтийн тооллын нэгдүгээр зуун буюу одоогоос 2100 жилийн өмнө Хүннүгийн үеийн хаадын Төрийн хэмжээний тахил хийдэг байсан ба баруун, зүүн, төв гэсэн гурван хэсгээс бүрддэг аж.  


Үргэлжлүүлэн Хүннү гүрний нийслэл “Луут буюу Лунчен” хотын туурийн гадна талаар татсан хамгаалалтын төмөр хашаа болон Соёл, мэдээллийн төвийн барилгын явцтай танилцлаа.  


Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монголын шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, археологич, палентлогич нарын олон жилийн нөр их судалгаа, шинжилгээний үр дүнд түүх дурсгалын үнэт өв, соёл түүхэн олдворуудыг нээн илрүүлж байгаад талархал илэрхийлээд эдгээр олдворуудыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулахын тулд олон улсын стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламж барих асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байлаа.