ОРХОН: Б.Уламбаяр: Хүн өөрийгөө таньж мэдье гэвэл дотоод ухамсар дахь “БИ”-ээ олох хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-18 17:14:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. МУИС-ийн Эрдэнэт сургуулийн сурган, сэтгэл судлалын багш, “Сэтгэлийн анир” төслийн багийн гишүүн, сэтгэл зүйч Б.Уламбаяртай ярилцлаа.


-Би саяхан нэг холын зочноос ярилцлага авлаа. Тэгсэн тэр хүн манайд /АНУ-д/ “Ээж чинь чамд бусдад сайхан үг хэлж сургаагүй юмуу” гэж асуудаг тухай ярилцлагандаа дурдсан юм.  Би энэ асуултаар ярилцлагаа эхэлье. Монголчууд бие биедээ сайхан үг хэлж өсөөгүй юмуу эсвэл ийм болчихсон юмуу? Та юу гэж бодож байна вэ?

-Уг нь монгол хүн саруул ухаан, уужуу бодолтой гэдэг  ч  нийгмийн өөрчлөлтөд маш их “эвдэрсэн” гэж хэлж болно. Шүүсэн, шүүмжилсэн, буруутгасан, биенээ хүлээн зөвшөөрч чадахаа байсан, ууртай уцаартай ч болсон байна. Үүнд олон зүйл нөлөөлж байгаагаас амьдралын хэв маяг, амьжиргааны байдал мөн сэтгэл зүйн боловсрол, амьдралыг үзэх үзэл, хандлагатай холбоотой юм.  Монголчууд амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Тэгэхээр сайн, сайхан үг бусдад хэлнэ гэдэг сайхан амьдралын эхлэл гэдгийг мэддэг гэсэн үг. Харамсалтай нь үүнийг огоороод удаж байна. Мөн бие, сэтгэл, сэтгэцийн хувьд эрүүл байх, эрүүл байлгах, өөртөө энэ дадлыг бий болгох чадвар ухамсар нь бага байна. Тэгэхээр нэг л их ууртай, уцаартай, гутранги хүмүүс олширно гэсэн үг.  


-Сэтгэцийн хувьд эрүүл, эрүүл бус байгааг яаж мэдэх вэ?

-Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэдэг нь  Нэгд, өөрийгөө нээх,  авъяас чадвар,  давуу талаа илрүүлэх,  өөрийгөө байнга хөгжүүлэх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэсэн үг. Өөрийгөө таньж мэдэж, хөгжүүлэхийн тулд юуны өмнө өөрийгөө хэн бэ гэдгээ тодорхойлж өөрөө, өөрийгөө судлах, үүний тулд байнга хөгжүүлж сорьж байх хэрэгтэй. Хоёрт, дасан зохицох чадвар маш чухал. Аливаа зүйлд хэр хурдан дасан зохицоно тэр  оршин тогтнож чадна гэсэн үг. Тиймээс заримдаа сөрөхөөсөө илүү дасан зохицох нь хамгийн зөв шийдвэр байдаг. Гэхдээ буруу, муу зүйлтэй дасан зохиц гэсэн үг биш шүү дээ. Гуравт, нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Тэгэхээр нийгэм дэх оролцоо тухайн хувь хүний сэтгэцийн эрүүл мэндэд нь маш чухлаар нөлөөлдөг гэсэн үг.


-Та сая өөрийгөө танин мэд, судал гэлээ. Яаж?

-Хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө танин мэдэх. Эрний грекийн Аполлоны сүмийн ханан дээр “ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭГТУН” гэсэн үг байдаг. Хамгийн гол нь би гэж хэн бэ гэдэг асуудал бол таны мөн чанартай холбоотой байдаг. Хүн болгон дахин давтагдашгүй. Иймд өөрийнхөө дахин давтагдашгүй зан чанараа гаргаж ирэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд өөрийнхөө итгэл үнэмшлийг, амьдралын юунд илүү их ач холбогдол өгч байгаа вэ гэдгээ анзаарах нь чухал юм. Тиймээс өөрийгөө судлахаас эхэл. Ер нь ухамсаргүй оюун санаа бидний оюун санааны дийлэнхийг эзэлдэг. Хүн гадаад үзэгдэл, юмсыг маш сайн анхаардаг хэрнээ өөрийнхөө дотор юу болж байгааг огт анзаардаггүй. Бид гадаад ертөнцөд  ямар байхыг буюу нийгмийн бий болгосон дүрийг өөрийгөө гээд андуураад тэрэндээ итгэчихдэг учир өөрийнхөө мөн чанарыг ажиглаж мэддэггүй.

Хүн өөрийгөө танин мэдье гэвэл дотор бие хүнээ олох хэрэгтэй. Үүний тулд эхлээд мэдрэмжээ анзаар. Үүнээс улбаатай сэтгэл хөдлөл, дурсамжаа эргэн сана. Хүн ямар үед өөрийнхөөрөө байдаг вэ гэвэл бага насандаа л байдаг. Хүн том болох тусам амьдралын есөн шидийн хэм хэмжээнд баригдаад өөрийнхөөрөө байж чадахаа больчихдог. 

Тиймээс өөрийнхөө дотоод ухамсар луу нэвтрэн орьё гэвэл бага насаа эргэн дурсах хэрэгтэй. Та тэндээс л өөрийнхөө жинхэнэ дүрийг олно. Ер нь бидний ихэнх нь өөрөө, өөрөөсөө тэс өөр авирыг гадаад орчинд бий болгодог.  


-Хүн өөрөө, өөрийгөө нээж илрүүлэхэд сэтгэлзүйч та тусалж чадах уу? Эсвэл хувь хүн  өөрөө л оролдоод байх ёстой юу?

-Сэтгэлзүйчид тольны тусгалын үүрэг гүйцэтгэдэг. Бид хүний амьдралыг дэнсэлж зөв, буруу гэж шүүдэг хүмүүс биш. Таны сэтгэлд байгаа зүйлийг ялгахад тусалж дотоод мөн чанар чинь хэн бэ гэдгийг чинь л өөрөө өөрт чинь тольны тусгал мэт харуулна гэсэн үг юм.


-Гэвч бид өөрөө өөрийгөө хайсаар байгаад л ололгүй үхдэг шүү дээ. Тэгвэл хэн өөрийгөө олсон юм бэ?

-Энэ бол маш нарийн, сэтгэлзүйн асуудал  юм. Өөрийнхөө дотогшоо хандсан бясалгалын тусаар олж болдог. Гэхдээ өөрөө, өөрийгөө ингэж идэвхижүүлсэн хүн цөөн байдаг. Ер нь бидний амьдарч буйн гол зорилго бол өөрийгөө бага багаар нээхэд оршдог. Дотоод мөн чанараа нээж хүлээн зөвшөөрөхөд оршдог. Сайн, муу гэдэг зүйл бол ухамсарт л гарч ирдэг зүйл юм. К.Юнгийн тодорхойлсноор “Ухамсартай болон ухамсаргүй оюун санааны нэгдэл бол өөрийн мөн чанарыг илэрхийлдэг” гэж үздэг. Харамсалтай нь хүн өөрийнхөө мөн чанарыг олж авъя гэж эрэл хайгуул хийдэггүй, гадаад ертөнц дээр өөр зүйлд л анхаараад, татагдаад байдаг. Тархиа хэрэгтэй, хэрэггүй “хог”-оор дүүргэдэг. Энэ бүхнээс ангижрахын тулд эхлээд ОДОО ЦАГ-таа амьдарч сурах хэрэгтэй юм.


                        СЭТГЭЛ ГУТРАЛ БОЛ 21 ДҮГЭЭР ЗУУНЫ ӨВЧИН

-Нийгмийн сэтгэлзүйд хувь хүний стресс, сэтгэл гутрал нөлөөлж байдаг. Гэвч хувь хүн өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгээ мэдэлгүй яваад байдаг. Энэ нь даамжирсаар ойр орчиндоо ч таагүй сэтгэгдэл төрүүлж эхэлдэг. Тэгэхээр хувь хүн өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгээ  яаж мэдэх вэ?  

-ДЭМБ-аас хүн амд түгээмэл тохиолдож буй сэтгэцийн өөрчлөлтөд сэтгэл гутрал орж байгааг анхааруулсан. Депресст орсон хүн олон байна гэсэн үг. Хэрэв хүн удаан хугацаагаар асуудлаа шийдэж чадахгүй явбал сэтгэл гутралд орж сэтгэцийн эрүүл мэнд доройтдог. Сэтгэл гутрал бол 21-р зууны өвчин. Энэ өвчин яаж илэрдэг вэ гэхээр, нэгд, хүний танин мэдэх үйл явц, сэтгэцийн үйл ажиллагааны идэвхи буурдаг. Өөрөөр хэлбэл, анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, хэл ярианы чадвар буурна. Хүнтэй ярих ч сонирхолгүй, хэл амаа ч ололцохгүй болно. Хоёрт, хөдөлгөөн удааширна. Хөдлөхөөс дургүй хүрч, идэвхгүй болж биеэ нөөж эхэлдэг. Гуравт, өөрөө өөрийгөө үгүйсгэж, гутарч эхэлдэг. Энэ үйл явц 14 хоногоос дээш үргэлжилвэл сэтгэл гутралд орсон гэж үзнэ. Сэтгэл гутралын эцсийн шат бол амиа хорлолтод хүргэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.


-Монголд амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна.  Тэгэхээр эрчүүд сэтгэл гутралд илүү орж байна  гэсэн үг. Өр ширэнд орох, салж сарнихад эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь л нөлөөлж байдаг  хэрнээ яагаад эрчүүд хорвоог орхих сонголтыг хийгээд байна вэ? Тэд асуудлыг яагаад давж чадахгүй байна вэ?

-Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийг эхлээд авч үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүн аливаа асуудлыг маш нарийн детальчилж сэтгэдэг. Анхаарлаа хуваарилах чадвар нь эрчүүдийнхээс илүү.  Мөн байгалиасаа тэсвэр тэвчээртэй, өвчин зовлонг даах чадвартай. Харин эрчүүд эсэргээрээ. Асуудлыг ерөнхийд нь дүгнэх, харах гээд. Бэрхшээлийг даван туулах чадвар нь ч өөр. Мөн монголын уламжлалт сэтгэлгээтэй бас холбоотой. Эр хүнийг санаа бодлоо хуваалцах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, уйлах, гутрах мэдрэмжээ бусдад илэрхийлэхийг багаас нь хязгаарласантай холбоотой. Эр хүн байж уйлах нь уу даа гэж эрэгтэй хүүхдийг багаасаа мэдрэмжээ нуулгаж өсгөсөн. Гэтэл амьдрал дээр гараад том болоод ирэхээрээ уйлж чаддаггүй, асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй дотроо л шаналаад байдаг. Бас багаасаа сэтгэлийн тэнхээ гэж юу вэ гэдгийг ойлгож мэдрээгүй өссөнтэй холбоотой.


Одоо орчин үед хүмүүсийн хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол эрэгтэй хүний сэтгэлийн тэнхээ юм. Энэ сэтгэлийн тэнхээ нь зоригийн процесстой холбоотой. Зоригийн процесс муу байх тусам бэрхшээлийг даван туулах чадвар нь сул байдаг. Өөрөөр хэлбэл, зоригтой, итгэл үнэмшилтэй байх, зорилгодоо тууштай, тэвчээртэй байх тухай ойлголт муу байна гэсэн үг. Тэгэхээр бэрхшээлийг даван туулах чадварыг багаас нь сургах хэрэгтэй гэсэн үг юм. Бага ч гэсэн бэрхшээлийг даван туулж байж хүний зоригийн процесс хөгжинө.


Манай аймгаас хэрэгжүүлсэн “Сэтгэлийн анир 1” төслийн хүрээнд бид өсвөр насны 4754 хүүхдийн дунд бэрхшээлийг даван туулах хариу урвалын талаар судалгаа авч байлаа. Тэгэхэд тэд бэрхшээл тохиолдоход хоол идэх, хөгжим сонсох, өөрийн амьдралын сайн сайхан зүйлийн тухай бодох, хөгжилтэй байж, амьдралыг гэгээлгээр харахыг оролдох, асуудал сайнаар шийдэгдээсэй хэмээн мөрөөдөх зэргээр тайвшрахыг хичээдэг болох нь судалгааны үр дүнгээс харагдсан. Гэтэл мэргэжилтнээс туслалцаа хайх, зөвлөгөө авах нь хамгийн бага үзүүлэлттэй байсан.


-Сайн, муу дурсамж хэзээ нэгэн цагт заавал сэдэрдэг. Тэр дурсамж биднийг зовоож байгааг огт мэддэгүй. Дурсамжийг заримдаа бүүр “устгачихмаар” санагддаг шүү.

-Би  дээр хэлсэндээ. Хүн яг өөрийхөөрөө байдаг хугацаа бол бага нас  гэж. Энэ үедээ бид нийгмийн цензур ёс суртахууны хорио цээрт баригддаггүй.  Хүн өөрийнхөө мөн чанараар байдаг үе нь. Хоёрт, сайн муу зүйл ч гэсэн чиний нэг хэсэг гэдгийг мартаж болохгүй.  Бид ямар алдаа гаргадаг вэ гэхээр, өөрийхөө муу дурсамжийг шахан зайлуулж гаргах гээд байдаг. Энэ маш аюултай. Өөрөөсөө нууж, далдаж байгаа муухай дурсамж, ичмээр байдлаа оюун ухаанаасаа шахан зайлуулах гэж хичээх тусам ухамсарт чинь маш хүчтэй нөлөөлнө. Тэгэхээр сэтгэцийн эмчилгээ гэж юуг хэлдэг вэ гэхээр, таны дарагдсан, нуусан хүсэл, хэрэгцээг чинь ил гаргаж ирэхийг хэлнэ. Та өөрийн хүсэл, хэрэгцээгээ дараад байх тусам сэтгэцийн эрүүл мэндэд чинь маш хортой гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, бидний сэтгэцийг гэмтээдэг зүйл бол дарагдсан хүсэл юм. Тиймээс муу, муухай дурсамжаа шууд өөрөөсөө нуух гэж оролдохоосоо илүүтэй юу болов, яагаад ийм нөхцөл байдалд хүрэв, үүнийг яаж даван туулах вэ гэдэгтээ гарц гаргалгаа хайх хэрэгтэй. Заримдаа хүн сэтгэлдээ бугшсан зүйлээ хэн нэгэнд  ярихад сэтгэл онгойж эрх чөлөөг мэдэрдэг дээ.

Тэгэхээр сэтгэлзүйчид тольны тусгалын үүрэг гүйцэтгэдэг гэдэг чинь энэ юм. Тэд таныг дотор хүнтэй чинь уулзуулахын тулд  бага наснаас чинь л эхэлнэ гэсэн үг юм.


-Дутуугийн мэдрэмж гэж их ярих болж. Энэ юунаас үүдэлтэй вэ. Энэ нь сэтгэлзүй болон хүний зан төлөвд хэрхэн нөлөөлдөг вэ?

-А.Адлерийн онолд дутуугийн мэдрэмжийн тухай ойлголт гарч ирдэг. Энэ мэдрэмж нь гурван шалтгаантай. Нэгд,  бие эрхтэний согог гажигтай, Хоёрт,  багадаа доромжлогдож, гадуурхагдаж байсан,  Гуравт,  хэт их эрхэлж өссөн байдлаас хүнд дутуугийн мэдрэмж, шалтгаан үүснэ. Хүн энэ мэдрэмжээ даван туулах зорилгоор  дутуугийн мэдрэмжээ өөр зүйлээр нөхөх оролдлого хийдэг. Гэхдээ энэ нь ухамсаргүйгээр явж байдаг буюу хүн өөрөө анзаардаггүй гэсэн үг. Жишээ нь багадаа хэт их доромжлуулж өссөн байлаа гэхэд насанд хүрээд өөрийнхөө санаа, бодлыг илэрхийлэхээсээ айж үүнийгээ өөрөө ч мэдэлгүй өөр зүйлд энергиэ чиглүүлж орлуулж байдаг.


-Манай аймаг өсвөр насны хүүхдүүдийн дунд “Сэтгэлийн анир” төслийг эхлүүлж байлаа. Одоо гуравдахь төсөл нь эхэлж байна. Та энэ төслийн багийн гишүүн.  Өмнөх хоёр төслийн үр дүнг товч дүгнэж хэлбэл?

-Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгээр ахлуулсан сэтгэлзүйчдийн баг 2017-2018 онд “Сэтгэлийн анир I” төслийг анх эхлүүлж байсан. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын 21 сургуулийн 6000 орчим хүүхдэд сэтгэлзүйн сургалт орж, 4754 сурагчаас судалгаа авч, 1000 гаруй хүүхдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгсөн байдаг. Энэ төслийн үр дүнд хүүхдүүдийн сэтгэл гутрал, стрессийн түвшин, гэр бүлийн нөхцөл байдлын дүгнэлтийг гаргаж онцгой анхаарах 300 гаруй хүүхдийг  сургуулийн нийгмийн ажилтнуудад анхааруулж хэлсэн.


Ингээд “Сэтгэлийн анир II” төслөө албан байгууллага, аж ахуйн нэгж болон эцэг, эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаар эхлүүлсэн. Эцэг, эхийн гэр бүл, сэтгэлзүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, хувийн зөвлөгөө, албан байгууллагын удирдлагуудад чиглэсэн сургалт зэрэг хэд, хэдэн чиглэлд ажилласан. Хоёр дахь төслийг 2018-2019 он хүртэл хэрэгжүүлж 16 байгууллагын 700 гаруй хүнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байдаг.


“Сэтгэлийн анир III” дахь төслийг 2022-2023 он хүртэл хэрэгжүүлэхээр эхлээд байна. Нэгд, хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаатай хүүхэд, эцэг эхэд чиглэсэн, хоёрт, сэтгэлзүйч ажиллаагүй байгаа сургуулиудад манай баг очиж ажиллах гэсэн чиглэлээр сургалт, бүлгийн уулзалт, ярилцлага, судалгаа, ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.


-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ