Японы Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-08-22 09:55:40

ТОКИО. /VOA/Японы Ерөнхий сайд Кишида Фүмио коронавирусээр халдварласан талаар түүний ажлын албанаас ням гарагт мэдээлжээ. Тэрбээр Африкийн хөгжлийн асуудлаарх бага хуралд оролцохоос долоо хоногийн өмнө шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.


К.Фүмиод бямба гаргийн оройноос хөнгөн халуурах, ханиах шинж тэмдэг илэрсэн тул ням гаргийн өглөө “PCR” шинжилгээ өгсөн гэж Ерөнхий сайдын ажлын албаны төлөөлөгч Францын “AFP” агентлагт мэдээлжээ.


NHK” телевиз зэрэг Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэрбээр наймдугаар сарын 27-28-нд болох Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хуралд зайнаас оролцож магадгүй байна.


Японд сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч өсөөд байгаа хэдий ч нас барсан тохиолдлын нийт тоог бусад улс орнуудынхтай харьцуулахад цөөн байгаа юм.


Өдгөө 65 настай, өнгөрсөн оны 10 дугаар сараас Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн К.Фүмио энэ сарын эхээр вакцины дөрөв дэх тунд хамрагдсан байна. Өнгөрсөн даваа гаргаас эхлэн гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан тэрбээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа эргэн орох байжээ.


Японд коронавирусний халдварын улмаас хатуу хөл хориог огт тогтоогоогүй бөгөөд цэнгээний газар, зоогийн газруудын ажиллах цагийг хязгаарлахад түлхүү чиглэсэн халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг энэ оны гуравдугаар сараас орон даяар цуцалсан юм. 

Холбоотой мэдээ