Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Сайд Заферийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-26 13:26:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Түрк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайд Заферийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


УИХ-ын дарга ноён Элчин сайдтай дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч олон зууны тэртээгээс түүх, соёлын хэлхээ холбоотой явж ирсэн. Бид Бүгд Найрамдах Түрк Улсыг манай “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаагаа өргөжүлэхийг чухалчилдаг гэж уулзалтын эхэнд тэмдэглэв.


Тэрбээр, саяхан Орхоны хөндийд ажилласан талаар дурдаж, манай хоёр улсын хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн зургадугаар сард Аладагийн ордон хэмээх 13-р зууны Монголын эзэнт гүрний Ил Хант улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хааны 1265 онд байгуулсан хотын туурийг илрүүлэн, археологийн хайгуулын ажлыг амжилттай явуулж байгаад баяртай байна гээд энэхүү ажлыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв.


Элчин сайд Сайд Зафер, Архангай аймгийн нутаг дэвсгэрээс шинэ олдвор нээснийг дуулгахад таатай байна гэв. Тэрбээр, хоёр хоногийн өмнө зарласан уг олдвор нь Монгол Улсын Номгон хэмээх газарт байрлах түүхт Отукений дурсгалт газарт явуулсан хамтарсан малтлагын үр дүнд Түрэгийн хоёрдугаар хаант улсыг үүсгэн байгуулагч Кутлук Илтериш хааны үед хамаарах хөшөө дурсгалын цогцолбор юм. Энэхүү хөшөө дурсгалын цогцолбор газар нь 1889 болон 1897 онд Монголын газар нутгаас олдсон Орхоны бичээс (Культигин болон Билгэ хааны дурсгал)-нүүдийн дараа орох гурав дахь чухал нээлт болсон. Турк-Монголын хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү түүх, соёлын өвийн нээлт нь манай хоёр улсын түүхэнд шинэ хуудас нэмж байгааг онцлов.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  түүх, соёлын өвийн чухал хэсэг болсон эдгээр хөшөө дурсгалт газар нь манай хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн чухал талбар байх болно гэв.


Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ