Ойн түймэр агаарын бохирдлыг улам ихэсгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-07 17:23:13

ЖЕНЕВ. /AFP/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хэт халж, ойн түймэр дэгдэж байгаа нь бидний амьсгалж буй агаарын чанарыг улам дордуулж, хүн төрөлхтөний эрүүл мэнд, экосистемд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгааг НҮБ өнөөдөр анхаарууллаа.


НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагын /ДЦУБ/ шинэ тайланд бохирдол ба уур амьсгалын өөрчлөлтийн харилцан үйлчлэл нь ирэх зуунд олон зуун сая хүмүүст нөлөөлөх төлөвтэй байгаа тул үүнийг зохицуулах арга хэмжээ авахыг уриалжээ.


ДЦУБ-ын Агаарын чанар, уур амьсгалын талаарх жил тутмын товхимолд Сибирь, Хойд Америкт 2021 онд дэгдсэн томоохон ой хээрийн түймрийн нөлөөг судлахад хүний эрүүл мэндэд аюултай бохирдлыг нэмэгдүүлж, зүүн Сибирьт агууламж нь “урьд ажиглагдаж байгаагүй түвшинд” хүрч байгааг тогтоожээ. 2.5 микрометрээс бага диаметртэй жижиг тоосонцрууд нь уушги, зүрх судасны системд гүн нэвтэрч чаддаг тул онцгой хортой гэж үздэг.


ДЦУБ-ын тэргүүн Петтери Тааласын мэдэгдсэнээр, дэлхий дулаарч байгаа энэ үед ой хээрийн түймэр болон түүнээс үүдэлтэй агаарын бохирдол нь улс орнууд хорт хийн ялгарлыг бууруулахаас үл хамааран нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй гадна агаар бохирдуулагч бодисууд дэлхийн гадаргад хуримтлагдах үед экосистемд ч нөлөөлөх ажээ. 

Холбоотой мэдээ