АРХАНГАЙ: Тарваган тахлын байгалийн голомттой газарт хөдөлгөөнт хяналт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-15 10:15:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут сумын тарваган тахлын байгалийн голомтод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт хяналт шалгалт хийжээ.


Аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд энэ сарын 9-13-ны өдрүүдэд тарваган тахлын өвчний өндөр идэвхтэй Өлзийт, Хүрэм багийн нутаг Хангал Даваат, Эгийн даваа, Бугат Ботгын гүүр, Гурван ангархай Цагаан сайр, Галуут, Галын дэнж, Говилуур, Цогтхайрхан зэрэг газраар хууль бус ан агнуурт хөдөлгөөнт хяналт шалгалт хийсэн байна.


Хяналтаар тухайн нутаг дэвсгэрт мэрэгчийн тоо толгойг хөдлөл зүй, зэм үхдэлийн хайгуул, хууль бус агналт хийж байгаа эсэхэд хяналт тавьжээ. Энэ үеэр 2 удаагийн зөрчлөөр 6 тарвага хураан авч иргэдэд сэрэмжлүүлэг өгчээ.

Энэ ажилд Чулуут сумын экологийн асуудал хариуцсан байцаагч байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, Хангай нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар хамтран ажилласан байна.


Мөн ЗӨСТ-ийн биологич нар өнгөрөгч 8-р сарын 24-28-нд Хангай, Цахир суманд байгаль орчны хяналтын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч, цагдаа, байгаль хамгаалагч нартай хамтран хяналт шалгалт хийжээ. Хууль бус ан агнуур хийсэн 2 зөрчил илрүүлж, 2 буу, 3 тарвага хураан авч холбогдох арга хэмжээг авж ажилласан байна.

Холбоотой мэдээ