"Өвсний үндэс"-ийн хэрэгжүүлж байгаа төсөл хагас мянгад хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-17 14:41:16

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, “Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 6 аймаг, дүүргийн Засаг дарга нар уг 6 төслийн гэрээнд өнгөрсөн мягмар гарагт гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрөөр Монгол Улсад хэрэгжиж буй төслийн тоо 500-д буюу хагас мянгад хүрч байгааг энэ үеэр ёслон тэмдэглэсэн юм.

Дээрх 6 төсөл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн их засвар, Төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байр болон биеийн тамирын заалны засвар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгийн их засвар, Сүхбаатар аймгийн онгон сумын цэцэрлэгийн өргөтгөл, Дорнод аймгийн Дашбалбар сумын цэцэрлэгийн их засвар, БЗД-ийн 53 дугаар сургуулийн их засварт тус тус зориулж хэрэгжих юм.

Уг төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 463 мянга 571 ам.доллар буюу 894 сая 699 мянга 292 төгрөгийн тусламж үзүүлэх юм. Эдгээр төслийг оруулаад 2016 оны Японы санхүүгийн жилд /2016.04.01-2017.03.31/ Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад 15 төсөлд 1 сая 177 мянга 404 ам.доллар гаргажээ.

Энэ төсөл Монгол Улсад 1990 оноос хойш эхэлснээс хойш 500-д хүрч, 33 сая 586 мянга 674 ам.доллар боллоо. Хөтөлбөр манай улсын бүх аймагт хэрэгсэн бөгөөд 332 сумаас 206-г хамарчээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ