ЗАВХАН: Цахим хичээлийн платформыг ашиглахыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-20 17:26:12

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга танилцсан. Энэ үеэр багш нар болон ахлах ангийн сурагчдын санал бодлыг сонсож, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, зарим бодлого шийдвэрүүдийг танилцуулж үүрэг чиглэл өгсөн. Тэрээр ахлах ангийн сургалтад цахим хичээлийн платформыг авч ашиглах талаар санал хэлж, багшийн ээлжит хичээлийн чанар үр дүнг сайжруулахад багш, сургалтын менежер, сургуулийн удирдлага онцгой анхаарахыг хүслээ.

Мөн БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургуулиудад олгогдсон хөгжмийн зэмсгүүдийн ашиглалтыг сайжруулах, хөгжмийн багшийн сургалтыг зохион байгуулах. Нэг ангид суралцаж байгаа сурагчдын тоог улсаас баталсан хязгаарт багтааж ажиллах. Сургуулийн захиргааны зүгээс суралцагч эцэг эхчүүдийн санал бодлыг тогтмол хугацаанд сонсож шийдвэрлэж болох асуудлыг байгууллагын үйл ажиллагааныхаа төлөвлөлтөд оруулж ажиллах үүрэг, чиглэлийг сургуулийн удирдлага болон аймгийн БШУГ-т өглөө.

Харин багш, сурагчдын зүгээс аймгийн Засаг даргад сургуулийн орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгааг илэрхийлээд, цаашид багш нарыг зөөврийн компьютерээр хангах. Ахлах ангийн сурагчдын хичээлээс бусад сонгон суралцах, өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөлтэй үйлчилгээний газруудыг нэмэх, аймгийн хэмжээний спортын тэмцээнийг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүслээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд Улиастай суманд ерөнхий боловсролын таван сургуульд нийт 5600 гаруй суралцагч, 300 орчим багш ажиллаж байна. 

Холбоотой мэдээ