Алис Олбрайт: Компакт гэрээ нь Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-21 14:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирал Алис Олбрайтыг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээрх төслүүд дээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.


Мөн АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх хоёр дахь Компакт гэрээний явц болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, АНУ-ын найрамдлын бэлгэ тэмдэг, Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төслийн нэг болох энэхүү Компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Гүйцэтгэх захирал Алис Олбрайт хоёр дахь Компакт гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.


Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд болон Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкс нар байлцав.

Холбоотой мэдээ