ДУНДГОВЬ: “Их соёл-Эх үндэс” хөтөлбөр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-22 11:31:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар Дундговь аймагт “Их соёл-Эх үндэс” хөтөлбөр хэрэгжиж, тус аймгийн боловсрол, соёлын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 1,0 тэрбум, 2021 онд улсын төсвийн 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, эмнэлэг, соёлын салбарт нэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийжээ.


Тодруулбал, 2021 онд улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 19 сургуульд зөөврийн компьютер өгч, Хүмүүнлэг сургуулийн монгол хэл, бичгийн кабинет,технологийн кабинет, багш хөгжлийн төвийг байгуулж, Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбай, гал тогооны болон багш, хүүхдийн ширээ сандал, тавилга нийлүүлжээ.


Харин 2022 онд 1,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн БШУГ болон Ерөнхий боловсролын 19 сургуульд өндөр хурдны суурин компьютер, дуу хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүн болох дуу бичлэгийн төхөөрөмж, зөөврийн чанга яригч, сургалтын даралтат хөгжим, гитар, чихэвч, сургалтын үлээвэр хөгжим зэрэг нийт 70 ширхэг төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Тус хөтөлбөрийн үр дүнд Дундговь аймгийн ЕБС-ууд орчин үеийн дэвшилтэт технологийг сургалтдаа ашиглах боломж бүрдэж, зарим сургууль, цэцэрлэгийн сурах орчин сайжирч, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр дуу бичлэгийн студитэй болж, Төв халхын дуулалт жүжгийн театрт лед дэлгэц байрлуулж, аймгийн Музей үзмэрүүдээ цахимаар иргэдэд үзүүлэх боломж бүрдсэн байна.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн ач холбогдлын талаар тодруулж “Боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд 2-3 дахин нэмэгдсэн. Эрүүл мэндийн салбарт ч мөн чухал хөрөнгө оруулалтууд хийж байна. Г.Мөнхцэцэг гишүүний хувьд сургууль, эмнэлэг, соёлын салбарт нэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ