Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-27 15:07:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам болж байгаа бөгөөд ахмад тамирчид шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулна.

 

Даваа гарагт болсон тус наадмын нээлтийн ёслолд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын мастеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

 

Энэ үеэр О.Баасан дарга “БТСУХ-ноос ахмадууддаа чиглэсэн олон талт ажил зохион байгуулдаг. Тухайлбал, Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулахад БТСУХ-ноос 19 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх их үйлсэд тань амжилт хүсье” гэв.

 

Энэ наадмын софт волейболын төрөлд 56 багийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монголын ахмад тамирчдын хувьд тив, дэлхийн тавцанд олон гялалзсан амжилт гаргаж байснаас онцлоход, хөнгөн атлетикийн гавьяат тамирчин, дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпын аварга, Ази тивийн 25 удаагийн аварга Т.Цэрэндолгор 2017 онд 79 насандаа жад шидэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байв. 

Холбоотой мэдээ