Хил нээхэд 3 улс хамтран туршилтын тээвэр хийх тухай санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-29 13:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдааныг ОХУ-ын Москва хотноо энэ сарын 26-27-нд зохион байгууллаа.


Ажлын хэсгийг Монголын талаас ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Оросын талаас Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов удирдан хуралдуулав. Тээврийн ажлын хэсэг нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх дэд комиссуудын нэг бөгөөд 2 улсын тээврийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдэж ажилладаг. Энэ хуралдаанаар 2 тал тээврийн бүх салбарт 2021 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлын хэрэгжилтийг дүгнэж, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажил, шийдэх асуудлаа хэлэлцэн тохирч хурлын эцсийн баримт бичигт тусган оруулж баталлаа.


Төмөр замын салбарт 2021 онд ахиц дэвшил гарч “Улаанбаатар төмөр зам” ХНН дээд амжилт тогтоон 31.3 сая тн ачааг тээвэрлэсний зэрэгцээ удаан хугацаанд шийдэлд хүрч чадаагүй байсан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг шийдэхэд ахиц дэвшил гарч, 2 тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирч шийдвэрлэсэн. Дүрмийн санг нэмэхтэй холбоотой “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулахыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.


“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхээр тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа, зорчигч тээвэрт тодорхой хэмжээнд нэмэх, нийгэмлэгийн 2050 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлах, замын засвар, техник технологийн шинэчлэл хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр барьж буй, төлөвлөсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллах зэргийг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тохиролцон баталлаа.


Тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэхэд Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, түүний дотор Оросын тээврийн их сургуульд сургах оюутны тоог нэмж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын хөтөлбөрөөр сургах боломж бүрдүүллээ. Автотээврийн салбарт 2 улсын хооронд, тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэр хийх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн шийдвэрлэжээ.



Мөн ОХУ-ын Алс дорнодын боомтууд Новороссийск, Владивостокоор дамжуулан тээвэр хийх боломжийг нээсэн бөгөөд Монголын баруун бүсэд ОХУ, БНХАУ-ыг холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил энэ оны 9-р сард дууссанаар олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийг мэдэгдэж, цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч, хил нээхэд 3 улсын хамтарсан туршилтын тээвэр хийх талаар санал солилцлоо.    


Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой иргэний нисэхийн салбарт тулгарч буй бэрхшээлийг давах арга замын талаар ярилцав. Одоогоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хот руу нислэг гүйцэтгэж байгаа. Монголын талаас ОХУ-ын Новосибирск, Екатеринбург хот руу нислэг нээж ОХУ-ын иргэд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн бүсийн орнууд руу зорчих боломж бүрдүүлэхээр болсныг ЗТХЯ мэдээлэв.


Хурлын төгсгөлд Дэд сайд нар хурлын протоколд гарын үсэг зурлаа. Тээврийн ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтов. Мөн 2 талын тээврийн салбарын харилцаанд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдэх үүднээс 2 талын уулзалтыг цахимаар улирал тутамд, шаардлагатай тохиолдолд тухай бүр  зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ