ТӨСӨВ 2023: Эдийн засаг ирэх онд 5 хувиар өсөх төсөөлөлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-03 11:16:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2.6 хувьд хүрэх төлөвтэй бол 2023 онд 5 хувь болох төсөөлөлтэй байна.


Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр нэрлэсэн ДНБ 23 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 15.9 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар нэмэгджээ. Улмаар эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2.6 хувь, ирэх онд 5 хувьд хүрэх төлөөлөлтэй байна. Гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгаа ч Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрэх үйл ажиллагаа хэрэгжүүлснээр уул уурхайн саблар ирэх онд 14.6 хувиар нэмэгдэж, үүнийг дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбар, цэвэр татварыг дэмжиж,  өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх аж.


Жилийн инфляцын түвшин энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4 хувь хүрч, оны эцэст 12 хувь орчимд байх төлөвтэй. Ирэх онд Засгийн газар, төв банкаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр инфляц дунд хугацааны зорилтот түвшин болох 8 хувь орчимд хүрэх төсөөлөлтэй байна.


Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 37.8 хувиар нэмэгдэж, 7.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны эцэст экспортын хэмжээ 10.7 орчим тэрбум ам.долларт хүрэхээр хүлээгдэж байгаа аж. Экспорт 2023 онд 11.4 тэрбум, импорт 9 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байгааг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. 

Холбоотой мэдээ