ТӨСӨВ 2023: Эрдсийн үнэд найдсан өөдрөг төсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2022-10-04 08:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг буурч, зах зээлийн хүү өсөх, валют, хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэлтэй зэрэгцэн Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа.

Эдийн засаг саарч, валютын ханшийн чангарал, төсөв төлбөрийн тэнцлийн алдагдал, гадаад өр, ард иргэдийн амьжиргааны түвшний доройтол, инфляцын өсөлт гээд нөхцөл байдал хүндхэн үед Монгол Улс төсвөө алдагдалгүй батлах сорилттой нүүр тулгарч байна. Монгол Улсын төсөв бол улс орны үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодлогын гол баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, мөнгийг төвлөрүүлэн хуримтлуулж эргээд хуваарилах үйл явцыг улсын төсөв хэмээж буй.


ИРЭХ ОНД 19.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР ТООЦЖЭЭ

Монгол Улс нэгдсэн төсвийн нийт орлогоороо  ирэх онд 19.6 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ хэмээн тооцжээ. Ингэхдээ Засгийн газар 2023 онд боомтын сэргэлтийг эрчимжүүлэн эрдэс бүтээгдэхүүний экспортыг тэлж, татварын төлөлтийг сайжруулна гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүнийг сийрүүлж үзвэл,  Орлогын албан татвараар 3.5 их наяд төгрөг, Хувь хүний орлогын албан татвар буюу бидний өгдөг албан татвараар 1.2 их наяд, НӨАТ-аар 4.5 их наяд,  Нийгмийн даатгалын татварын орлогоор 3.5 их наяд, Онцгой албан татвараар 966 тэрбум, тусгай зориулалтын орлогоор 20 тэрбум, Гаалын албан татвараар 1.5 их наяд, бусад албан татвар төлбөр хураамжаар 2.7 их наяд төгрөг буюу татварын нийт орлогоор 17.1 их наяд төгрөгийг бүрдүүлнэ гэж үзжээ. Харин татварын бус орлогоор 1.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна.

/График: Төсвийн орлого, төрлөөр/


Мөн ирэх оны Монгол Улсын төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 5 хувь, инфляцыг 8 хувьд барина гэж тооцсон. Инфляцын түвшин эдүгээ 14.4 хувьд хүрээд байгаа. Үүнийг төгрөгийн ханшийн сулрал, тээвэр логистикийн хүндрэл, олон улсын зах зээл дээрх хүнсний инфляц өндөр байгаа зэргээс шалтгаалан хүнсний бүлгийн үнэ 18.7 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ онцолж байсан. Түүнчлэн цар тахлаас өмнө импортын барааны инфляц нийт инфляцын 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол өнгөрөгч наймдугаар сарын байдлаар 51.4 хувийг бүрдүүлж байна гэсэн тооцоолол гарчээ. Энэ нь гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, худалдааны түнш орнуудын инфляц өсч, төгрөгийн ханш суларсан нь импортын үнэ нэмэгдэх шалтгаан хэмээн мэргэжилтнүүд тайлбарлалаа.


УУЛ УУРХАЙ ТӨСВИЙН ОРЛОГЫН 25 ХУВИЙГ БҮРДҮҮЛНЭ

Монгол Улсын төсвийн орлогод тэргүүлэх байр суурьтай байдаг уул уурхайгаас ирэх онд 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлэх тооцоог гаргасан байна. Тодруулбал ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөрийн орлогоор 2.5 их наядын орлого олно гэж тооцсон бөгөөд алтнаас 238 тэрбум,  нүүрснээс 1.7 их наяд, зэсийн баяжмалаас 2.3 их наяд төгрөг олно гэж тооцоолжээ.

Эрдэс баялгийн хувьд төсвийг бүрдүүлэхэд гардаг хүндрэл бол үнийн асуудал байдаг. Дэлхийн эдийн засаг болоод ялангуяа манай гол нийлүүлэгч БНХАУ-ын нүүрсний үнэ ирэх жилд ямар байх вэ гэдгийг олон улсын байгууллагын төсөөлөлд үндэслэн тооцдог. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр  тонн тутам нь 408 ам.долларт хэлбэлзэж байгаа. Харин ирэх онд зэсийн үнийг тонн тутамд 8400 ам.доллар байхаар тооцжээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөвт тооцож оруулсан байна. Энэ оны  эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, нүүрсний олборлолт 45 хувиар, газрын тосны олборлолт 97.5 хувиар буураад байгаа. Түүнчлэн Оюу толгойн ордын далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхлэхтэй холбогдуулан зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.4 сая тоннд хүрэх тооцооллыг хийжээ. Улмаар ирэх онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сэргэж, уул уурхайн экспорт өснө гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг өнгөрсөн оны батлагдсан түвшинтэй харьцуулбал 13.6 хувиар өсгөсөн байна.

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ УЛСЫН ОРЛОГЫГ ТАСАЛДУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засагчдын зүгээс орлого дээр хоёр зүйлийг анхаарах ёстойг сануулж байна. Тэдний үзэж буйгаар төсвийн гол бүрэлдэхүүн хэсэг болох татварын орлогыг хэр баталгаатай вэ гэдгийг маш сайн тооцоолохыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй энэ  цаг үед эдийн засгийн дийлэнх хувийг нуруундаа үүрдэг  аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг бодитоор дүгнэх ёстойг анхааруулж байна. Хэт өөдрөгөөр төсөөлснөөс болж улсын орлого бүрдэхгүй тасрах эрсдэл бий. Ямар шалтгаанаас үүдэн тасрах эрсдэлтэй вэ гэдгийг судалж эрсдлийн тооцоог хийх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Улмаар манай улс нүүрсний экспорт дээр нэлээн өөдрөгөөр төсөөлж ирсэн. Хэдийгээр эрдсийн бүтээгдэхүүний  үнэ ойрын хугацаанд өсөлттэй байгаа ч шинжээчид дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн өсөлтөөс үүдэлтэйгээр дунд хугацаанд нүүрсний үнэ буурна хэмээн таамаглаж байна. Түүнчлэн нүүрсний  гол хэрэглэгч БНХАУ цар тахлын хориг байнга авч буй энэ үед цаашид хил үргэлж нээлттэй байх нь тодорхой бус юм. Улмаар дэлхийн эдийн засаг агшиж буй тул, энэ хэрээр  бүтээн байгуулалт, үйлдвэрлэлүүд буурах эрсдэлтэй. Түүнчлэн төсвөөс хамаарч орлого тасрах нь бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг царцааж, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмжийг хумих аюултай юм.

МОНГОЛ УЛС УРСГАЛ ЗАРДАЛД 15 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Хэмнэлтийн горимд шилжсэн хямралын үеийн төсөв гэж байгаа ч нийт зардал 15 их наяд төгрөгөөр хэмжигджээ. Тодруулбал Монгол Улс өмнөх жилээс зарлагаа 15 орчим хувиар өсгөж, хөрөнгийн зардлыг таван их наяд төгрөгөөр төсөвлөж оруулсан байна. Энэхүү өсөлтийг эдийн засагчид үнийн өсөлт валютын ханшийн дарамтыг улам нэмэгдүүлнэ гэж дүгнэж байгаа. Ирэх онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд өмнөх жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын 60 гаруй хувийг дуусгах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төслийн 915 нь барилга байгууламжийнх, 66 нь их засвар, 63 нь тоног төхөөрөмж, 17 нь ТЭЗҮ боловсруулах төсөл юм байна. Үүнийг задалбал ирэх онд улсын хэмжээнд нийт 119 сургууль, 114 цэцэрлэг, 45 дотуур байр, 18 сургууль, цэцэрлэг гээд нийгмийн чанартай бүтээн байгуулалтуудад мөнгө төсөвлөжээ. 15 их наяд төгрөгийн урсгал зардлын 61 хувийг тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын цалин хөлсөд зарцуулах бол 15 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 8 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 4 хувийг төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт татаасад хуваарилжээ.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМНЭ

Төсөв батлагдахад жирийн иргэдийн хамгийн их сонирхдог зүйл нь цалин, тэтгэврийн нэмэгдэл байдаг. Тэгвэл дээрх мөнгөнөөс цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардалд 12 хувийг зарцуулахаар тусгасан байна. Тухайлбал, орон нутагт ажиллах төрийн албан хаагчийн цалинг 20-100 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн төсвийн төсөлд тусгажээ. Ингэхдээ 20 хүртэлх хувийн нэмэгдлийг улсын төсвөөс олгох бөгөөд тухайн орон нутаг эдийн засгийн нөөц боломж, төсвийн орлого төвлөрүүлэлт зэргээс үүдэн орон нутаг өөрөө 80 хүртэлх хувийн нэмэгдлийг тогтоон олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна.Мөн төрийн нийт албан хаагчийн нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жилээр нь тооцон нэмэгдүүлэх аж. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол 1 хувь, хоёр дахь жилдээ ажиллавал 2 хувь, 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл буюу ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авах юм байна. Үнэндээ цалин, тэтгэврийн нэмэгдэл нь иргэдийн амьжиргааг бодитоор өсгөөгүй гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн. ҮСХ-ноос дундаж цалин 1 сая 540 мянган төгрөгтэй тэнцэж байгааг мэдээлсэн бөгөөд өнөөдөр хүнсний  үнэ 20 орчим хувиар өсөөд байгаа юм.

ӨРИЙН ХАВХ ЭДИЙН ЗАСАГТ ХАЛАЛТ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ

Хүн бүхний сэтгэлийг чилээдэг зүйл бол Монгол Улсын гадаад өр. Энэ оны хагас жилийн байдлаар гадаад өр 33.3 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнийг задалбал 21.3 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгжүүдийнх, 8.1 тэрбум ам.долларыг Засгийн газрынх, 2.5 тэрбум ам.долларыг төв банкных, үлдсэн 1.4 тэрбум ам.долларыг арилжааны банкуудын өр эзэлжээ. Засгийн газрын өрийн үлдэгдэл энэ оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь ДНБ-ий 50.1 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн Засгийн газрын өрийн 95.6 хувийг гадаад валютаар илэрхийлэгдсэн өр эзэлж буй юм. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн Засгийн газрын гадаад валютын өрийн үлдэгдэл өсөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн ирэх онд төлөх гадаад үнэт цаасны хүүгийн зардал 174.8 сая ам.доллартой тэнцэх хуваарьтай байгааг төсвийн төсөлд тодотгожээ.

Үнэндээ УИХ-ын баталсан алдагдалтай төсвүүдийн үр дүнд Монгол Улсын өр нэмэгдэж ирснийг иргэд шүүмжилдэг. Бидний хувьд өр төлбөрөө барагдуулах хариуцлагатай жилүүдтэй золгож байгаа. Тухайлбал, Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны үлдэгдэл 2022 оны хагас жилийн байдлаар 9 их наяд төгрөг буюу 2,869.9 сая ам.доллартой тэнцэж байгаагаас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй. Үүнийг дагаад 533.1 сая ам.доллароор хэмжигдэх “Гэрэгэ” бонд, 2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй 600 сая ам.доллартой тэнцэх “Хуралдай” бонд  гээд өрүүд ар араасаа залгаж байна.Хөрөнгө оруулалтыг хийхдээ зээлийн эргэн төлөлтийг маш сайн  төлөвлөх ёстой гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гаднаас авсан зээлийг төлж байгаа хүүнээс илүү ашиг олох өгөөжтэй төслүүдэд  зарцуулах  ёстой. Өрийн хавханд орж замбараагүй барьсан барилгуудыг дагаад урсгал зардлууд нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Тэд өрийн хавх эдийн засагт халалт үүсгэж болзошгүйг анхааруулсаар ирсэн юм. Мөн инфляцын өсөлт, хавтгайрсан халамжийн бодлого, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын нөөц багассан зэрэг нь Монгол Улсын эдийн засагт хамгийн хүнд сорилт болж буйг ОУВС онцолж байгаа. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, зэсийн экспорт нэмэгдэхээс өөрөөр экспортыг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байгааг ОУВС-гаас тодотгосон. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын зүгээс зоригтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүндээс маш ноцтой байдал руу шилжиж болзошгүйг анхааруулаад байгаа юмЭнэ мэтчилэн Монгол Улс хариуцлагатай, сахилга баттай байх цаг үед төсвөө батлах нь ээ. Жилийн жилд тойргоо бодож алдагдалтай төсөв баталж ирсэн УИХ-ын гишүүд эдийн засагчид, мэргэжлийн хүний үгийг сайтар сонсож “Долоо хэмжиж нэг огтолно” гэгчээр ирэх оны төсвийг чамбайруулан батлах л үлдлээ.   

Холбоотой мэдээ