АНУ-д сармагчны цэцэг өвчний 26 мянга гаруй тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-10-05 10:52:18

ВАШИНГТОН. /US News/. АНУ-д сармагчны цэцэг өвчний 26 мянга гаруй тохиолдолд илрээд байгаа талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.


АНУ-ын муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 5010 тохиолдол илэрсэн бол Нью-Йорк /3948/, Флорида /2543/ араас нь жагсаж байна.  


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан тайланд АНУ сармагчны цэцэг өвчнөөс ойрын ирээдүйд ангижрах төлөвгүй байгааг тэмдэглэжээ.


Тус төвийн мэдээлснээр, вакцины хүртээмж сайжирч, хүмүүс халдвараас хэрхэн сэргийлэх талаар илүү сайн мэддэг болж байгаатай холбоотойгоор өвчний тархалт саарч байна.


Сармагчны цэцгээр халдварласан тохиолдолд амь насанд аюул учрах нь ховор бөгөөд ихэнх тохиолдлууд 2-4 долоо хоногт эдгэрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, уг өвчний нас баралтын түвшин 3-6 хувьтай байна.


Гэхдээ дархлаа сул хүмүүс халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэй байгааг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

Холбоотой мэдээ