МҮЭХ: Цалин хөлсийг 50-иас доошгүй хувь нэмснээр иргэдийн худалдан авах чадвар хадгалагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-05 13:06:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж эхэлж буйтай холбоотойгоор Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийв.


Төсөвтэй холбоотойгоор тус байгууллагаас хамгийн түрүүнд иргэдийн бодит цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийллээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, Засгийн газар, ХНХЯ-наас “Халамжаас хөдөлмөрт шилжинэ” хэмээн уриалсан. Энэ нөхцөлд хөдөлмөрийн үнэлэмжийг өөр өнцгөөс харж үзэн, дорвитой, эрс дээшлүүлэх нь чухал байгааг онцлов.



Тэрбээр мөн "Иргэдийн худалдан авах чадварыг инфляцын түвшинтэй харьцуулахад  2021 онд 13, энэ онд 17.5 хувь, өнгөрсөн хоёр жилд бодит худалдан авах чадвар нийтдээ 30 хувиар унасан, ирэх онд үүнээс илүү дээшлэх нөхцөл байдал нүүрлээд байна. Нэг ёсондоо бид инфляцын араас дандаа хөөж явдаг болсон. Энэ байдлаа үндэс сууриар нь өөрчлөх цаг болсон" гэв.


Үнийн өсөлттэй холбоотойгоор ажилчдын цалинг хэдэн хувиар нэмэх шаардлагатай байгаа талаар тодруулахад, “Монголчуудын хөлс 450 орчим ам.доллар байсан бол одоо 400 ам.доллар болж, 40-50 ам.доллароор буурсан. Тиймээс бодитоор худалдан авах чадварыг хадгалья гэх юм бол цалин хөлс орлогыг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага байна" гэв. Ингэснээр 2020 онд буюу цар тахлын өмнөх жил авч байсан цалингийн худалдан авах чадварыг хадгалж чадна гэж үзэж байгаа юм байна.


Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх заалтыг дурдаж байлаа. 2023 оны улсын төсвийн төсөлд цалин хөлс нэмэгдүүлсэн эх үүсвэрийг 250 орчим тэрбум төгрөг гэж байгаа боловч энэ нь шинээр бий болсон эмнэлэг, сургуулийн нэмэлт орон тооны цалингийн нэмэгдэл гэж харж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд амласан амлалтаа санах хэрэгтэй байна гэж МҮЭХ-ноос мэдэгдлээ.




УИХ-аар ирэх оны улсын төсвийг батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг хөдөлмөр эрхлэлттэй хамт нэмэгдүүлэх, ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах, иргэд, ажилчдын амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэв. Үүнд:

  • Дээр дурдсанаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх,
  • Банкны хэрэглээний зээл, цалингийн зээлийг хүүг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналаа МҮЭХ илэрхийллээ.


Улсын төсөв Монголын ард түмэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин хөлс, орлого, нийгмийн хамгаалалд хүртээмжтэй, эерэг нөлөө үзүүлэх учир төсвийн төслийг хүн бүр харж, хүлээж байна. Учир нь улсын төсөв ДНБ-ний 50 орчим хувийг эзэлдэг, хамааралтай, нөлөөтэйг МҮЭХ тодотгов.  



Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ