ТӨВ: “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбай байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Баянхангай суманд “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайг байгуулж, мод тарих өдөрлөгийг 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт орон нутгийн иргэд, холбогдох байгууллагын 100 гаруй хүн оролцов.
Энэ үеэр Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа “Би Ногоон Ази ТББ-ын эхлүүлж буй энэ төслөөр дамжуулан сумаа Ногоон Баянхангай болгох зорилго тавьж байна. Төслийг амжилттай, тогтвортой хэрэгжихэд орон нутгийн засаг захиргааны зүгээс бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллана” гэлээ.
“Атар хамтын төгөл” нь 2022-2027 оны хооронд хэрэгжих бөгөөд “Монгол орны иргэдийн оролцоотой цөлжилттэй тэмцэх ойжуулалтын талбай”-аар 100 га газар ойжуулалт болон мод үржүүлэг, нарийн ногоо тариалах ажил хийнэ. Монгол орны цөлжилттэй тэмцэх ODA буюу Хөгжлийн албан ёсны тусламж төслийн бодлогын хэрэгжилтийн жишиг загвар боловсруулах, хил дамнасан шар шороон шуурга, нарийн тоос тоосонцрын эсрэг шууд хариу арга хэмжээ авах жишиг загвар бий болгох, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор уг ойжуулалтын талбайг байгуулж байна.
Улмаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, Монгол орны цөлжилттэй тэмцэх ODA буюу Хөгжлийн албан ёсны тусламж төсөл олон үе шаттайгаар хэрэгжин үр дүнд хүрэх юм. Хамгийн гол нь шар шороон шуурганы эх үүсвэр болсон нарийн ширхэгтэй тоос тоосонцрын нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
