Мансууруулах ургамал их хэмжээгээр түүж, боловсруулсан этгээдийг саатуулжээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-08-19 13:47:21

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс энэ сарын 17-нд мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж байсан иргэнийг баривчилжээ.

Уг хэргийг иргэн П үйлдсэн бөгөөд одоогоор ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтэнээр саатуулан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Мөн энэ оны 07 дугаар сарын 29-ны өдөр иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрхи этгээдүүд нь давтан гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогджээ.

Энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ