Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг нэмж, хүртээмжийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-07 09:45:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллахаар МҮХАҮТ Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.


Хамтын ажиллагааны хүрээнд 2028 он хүртэл уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний боловсруулалтыг шат ахиулж, экспортыг дэмжсэн мэдээлэл солилцож, судалгаа хийн төлөвлөгөө гаргаж, экспортын зориулалтаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд нэмүү өртөг шингээж, эцсийн боловсруулалт хийж экспортлох, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл хүргэх үе шат бүрийг хамарсан санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлнэ.


Түүнчлэн, уул уурхайн бус экспортын талаарх статистик, тоон мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, уялдааг хангахад хамтран ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспорт эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл, хүчин зүйлсийг тодорхойлохоор хамтран хийж буй судалгаагаа үргэлжлүүлэх аж.


Бодлогын шийдвэр судалгаа шинжилгээнд тулгуурлаж гарснаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг бодит нэмж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, аж ахуйн нэгжийг хөгжүүлж, Монгол Улсын ДНБ-ийг богино хугацаанд 2 дахин нэмэх зорилтод хүрэхэд том суурь болно хэмээн үзэж буйг төв банк мэдээллээ. 

Холбоотой мэдээ