Чехийн компани Эрдэнэт хотод мах комбинат байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-20 16:36:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут БНЧУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин Сайдын яамны Эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак, Чех-Монголын зөвлөлийн дарга Д.Жаргалсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНЧУ-аас Монголд суугаа Бүрэн Эрхт Элчин Сайдын яамны Эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак хэлэхдээ, “Чех-Монгол улс нь  өнө эртний харилцаатай. Энэ харилцааг улам бататгаж хамтран ажиллаж байгаад талархаж байна. Эрдэнэт хотод БНЧУ-ын хөрөнгө оруулалттай орон сууцны бүтээн байгуулалт өрнөж байгаа билээ. 7а хорооллыг барьж буюу “Их Хаадын цуваа” ХХК манай улсын хөрөнгө оруулалттай. Цаашид өөр салбар дахь  хөрөнгө оруулалтад хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Түүнчлэн “Их Хаадын цуваа” ХХК Эрдэнэт хотод мах комбинат байгуулах саналыг өмнөх удирдлагуудад уламжилсан. Үүний хүрээнд 2 га газрыг хүссэн байгаа. Түүнчлэн ирэх есдүгээр сард Улаанбаатар, Дархан-Уул аймагт Чех-Монголын Эдийн засгийн форум уулзалт болно. Уулзалтад бизнес эрхлэгчдээ оролцуулж хамтран ажиллана уу хэмээн санал тавьсан юм.

Аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ, “Манай  аймаг “Шинжлэх ухаан технологийн парк” байгуулах зорилт тавьсан. Үүний хүрээнд монгол эрдэмтдийнхээ оюуны мэдлэгт түшиглэж та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна.  Мөн ЗДТГ-ын дэргэд  Гадаад харилцааны алба байгуулагдаж байгаа тул Орхон аймгийн гадаад харилцаа улам өргөжинө. Ирэх сард болох бизнес уулзалтад оролцох болно” гэлээ.

                                                                                                             Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ