Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-14 12:53:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн “Тэмүүлэл бүхэн биелэнэ” уриан дор зохион байгуулагдаж буй Боловсрол-хүмүүжил-спорт-соёл, урлагийн нээлтийн ёслол Спортын төв ордны “А” зааланд болов.


Энэхүү ёслолд Монгол улсад орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Тус сургууль 14 жилийн замналдаа 56 олон улсын хэмжээний мастер, 115 спортын мастер, 168 дэд мастер тамирчныг бэлтгэн гаргасан байна.

 

Тэдний дундаас онцолж хэлэхэд хүндийн өргөлтийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэг, чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт,а гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аварга Ц.Намуунцэцэг, мэргэжлийн сүмо бөхийн комүсүби цолтон Ичиножёо А.Ичинноров, холимог тулаанч З.Шинэчагтага, мэргэжлийн дугуйчин С.Жамбалжамц, самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Энхчимэг нарын алдартнууд төрөн гарчээ.

 

Арга хэмжээний нээлтэд НЕБСТС-ий захирал Ч.Зоригтбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцов. Нээлтийн ёслолын үеэр Ч.Зоригтбаатар захирал “Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ түүхэн он жилүүдэд биеийн тамир, спортын болон олимпизмын салбарт бахдалтай амжилтууд гаргасан байна.

 

Энэхүү тэгш ойг тэмдэглэх ажлын хүрээнд манай сургууль бусад байгууллагуудтай хамтран гурван цуврал ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн урлаг-спортын үзүүлэх тоглолт юм. Энэ тоглолтоор дамжуулан хүүхдийн спортыг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэх, 2023 онд болох Хүүхдийн спортын их наадам, Зүүн Азийн залуучуудын наадмыг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой юм” хэмээн хэлэв.





Холбоотой мэдээ