ДУНДГОВЬ: 392,6 тн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-19 10:31:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймгийн хэмжээнд 74 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 444.3 тн ургац хураан авахаар төлөвлөснөөс 392,6 тн ургац хураан авчээ. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө 88,0 хувь биелүүлсэн байна.

Тодруулбал,  27,2 га талбайгаас 210 тн төмс, 18,8 га талбайгаас 170,0 тн хүнсний ногоо, 11,4 га-аас 4,5 тн жимс жимсгэнэ, 6,4 га-гаас 8,1 тн малын тэжээлийн ургамал хураан авчээ.

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 66,3 га талбайд тариалалт хийж, 419,2 тн ургац хураан авч байсан бол энэ жил авсан ургацын нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс  буурсан байна.

Төрлөөр нь авч үзвэл, төмс 23 тн, тэжээлийн ургамал 13,1 тн-оор буурч, харин хүнсний ногоо 7,7 тн, жимс жимсгэнэ 1,9 тн-оор нэмэгджээ.

2022 оны хаврын тариалалтад зориулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 3.2 сая төгрөгийн 11 нэр төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэйгээр 120 тариаланчид олгож, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд бүх сумдад зуны хүлэмжтэй болсноор хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн байна.

“Шинэ хөдөө” төслийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар тус аймагт хэрэгжүүлж, дуслын усалгааны төхөөрөмжтэй зуны хүлэмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, усалгааны зориулалттай инженерийн хийцтэй худаг зэрэг 297,0 гаруй сая төгрөгийн оруулалт хийсэн аж.

Тодруулбал, Сайнцагаан суманд 162,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 80 морины хүчтэй трактор, үрлэгч, анжис, дуслын усалгааны систем, төмөр хашаа, зуны хүлэмж, усны нөөц сав, инженерийн хийцтэй худаг, Баянжаргалан суманд 72 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мотоблок, дуслын усалгааны систем, зуны хүлэмж, хамгаалалтын хашаа, инженерийн хийцтэй худаг гаргажээ.

Түүнчлэн Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэрэн, Дэлгэрхангай, Луус, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Хулд суманд 2,309,950 төгрөгийн өртөг бүхий хүлэмж шийдвэрлэн өгсөн аж. 

Холбоотой мэдээ