Монгол, Турк чөлөөт бүсийн талаар хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-20 08:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Турк улсын бизнес форумын хүрээнд Истанбул хотноо ажил хэргийн уулзалт боллоо.


БНТУ-ын Олон улсын Эдийн засгийн харилцааны зөвлөл (DEIK)-өөс зохион байгуулсан уулзалтад тус зөвлөлийн Монгол-Туркийн зөвлөлийн дэд тэргүүн Чингиз Гул, Евроазийн бизнес зөвлөлүүдийн чиглүүлэгч Тугба Бал Бахар, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа ерөнхий консул Ш.Хишигсүрэн, МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нарын албаны хүмүүс оролцов.



Монголын талаас худалдаа, тээвэр логистик, барилга, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компанийн төлөөлөл Туркийн талаас мөн адил салбарын 30 орчим компанийн бизнес эрхлэгч нар оролцов.


Уулзалтаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж арьс шир, малын гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, хамтарч хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсад 11 дүгээр сард уулзалт зохион байгуулахаар тогтлоо.


Мөн Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Турк улсын туршлага судлах, Туркийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдийг Монголын чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломжуудыг танилцуулахаар боллоо.


Туркийн аж үйлдвэржсэн хотуудад Монгол, Туркийн бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг цаашдаа шат дараатайгаар хамтарч зохион байгуулахаар болов.


Холбоотой мэдээ